ХӨСҮТ: Манай улсад түр зорчсон БНХАУ-ын иргэн омикроны шинэ хувилбараар халдварласан

ХӨСҮТ: Манай улсад түр зорчсон БНХАУ-ын иргэн омикроны шинэ хувилбараар халдварласан

Монгол Улсад коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн байна. Энэ талаар болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээллийг өнөөдөр /2022.11.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс олон нийтэд мэдээлэл өглөө.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, “Энэ долоо хоногийн хувьд коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн улс орноос Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт манай хойд хөрш байна. Ялангуяа манай хойд хөршийн хувьд омикроны дэд хувилбарын давлагаа явагдаж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 болон BQ1-ийн 2 гэх шинэ хувилбар бүртгэгдээд байна. Манай улстай хамгийн ойролцоо хоёр хөрш улс болон хамтын ажиллагаа явуулдаг БНСУ, Япон зэрэг улсуудад цар тахлын тоо ихсэж байна. Эрсдэлтэй хэвээр байна. Харин манай улсад 44 дүгээр долоо хоног буюу энэ долоо хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын тоо 772 бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 357 байсан. Өөрөөр хэлбэл хоёр дахин өссөн байна. Тандалтын тохиолдлууд нэмэгдэх хэрээр сүүлийн хоёр долоо хоногт эмнэлгийн ачаалал нэмэгдээд ирсэн. Улс даяар коронавирусийн оноштой 349 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ дээр 255 хүн байна. ХӨСҮТ-ээс аравдугаар сард вирусийн тандалтын дүн гарсан. Энэ дүнгээс харахад BA5-1, BA5-2, BE1-1 гэдэг өмнө нь тодорхойлогдож байсан вирус байна. Мөн дээр нь BF7, BQ1-2 гэдэг манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй омикроны хувилбар шинээр тодорхойлогдсон байгаа. BF7 нэг хүнд, BQ1-2 таван хүнд тодорхойлогдсон байна. Эдгээр хувилбарын онцлог шинжийн хувьд BF7 оор халдварласан хүн 72 настай бөгөөд БНХАУ-ын иргэн ОХУ-д ажиллаж байгаад манай улсад ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой. Зочид буудалд тусгаарлагдаж байгаа. BQ1-2 халдварласан таван хүн бүгдээрээ манай улсын иргэд. Шинж тэмдгийн хувьд халуурах, хоолой өвдөх, сэрвэгэнэх шинжүүд давамгайлж байгаа” гэв.