ХУД-ийн эмнэлэг уян хатан нөхцөлөөр үзлэгийн цаг захиалж, шинжилгээний хариугаа авч болох киоск машинтай болжээ

ХУД-ийн эмнэлэг уян хатан нөхцөлөөр үзлэгийн цаг захиалж, шинжилгээний хариугаа авч болох киоск машинтай болжээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд цахим шилжилт хийх, шинэлэг санааг хуваалцсан “UB healthcare week 2022” цогц арга хэмжээг энэ сарын 16-18-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас зохион байгууллаа.

Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг технологиор шийдэх, цахим шилжилтийг өргөжүүлэх зорилгоор өдөрлөг, үзэсгэлэнг зохион байгуулж, шинэ, дэвшилтэт технологи, инновац шингэсэн 10 цахим үйлчилгээ, технологийг олон нийтэд танилцуулав. Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "шинэ технологиудыг эхний ээлжид туршилтын байдлаар нэвтрүүлж, 2023 он гэхэд бүх эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа" хэмээсэн юм. 

Мөн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны дарга А.Амартөвшин "Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв нь “И-Клиник” ХХК-тай хамтарч, нийслэлийн хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж байна. Уг киоск машинаас ойрын 20 хоногийн хугацаанд эмнэлэгт үзүүлсэн эрүүл мэндийн хуудсыг цаг алдалгүй хэвлэх, үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариу авах боломжтой болсон. Эдгээр үйлчилгээг цахимжуулснаар иргэд цаг хэмнэхээс гадна авлига, хүнд суртлаас сэргийлэх олон давуу талтай. Мөн энэхүү систем нь Е-Mongolia систем болон эмнэлгийн дотоод удирдлагын системд шууд холбогдсон.

E-Mongolia аппликейшнээс иргэн цаг авч, зөвхөн цагтай өдөр үзүүлдэг бол киоск машинаас тухайн өдөр цаггүй байсан ч нэмэлт цаг авах боломжтой болох юм.

Одоогоор киоск машины зөвхөн үзлэгийн цаг, шинжилгээний хариу авах үйлчилгээг нь идэвхжүүлсэн бөгөөд хагас жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэд тус машинаар өдөрт 1000 орчим цаг захиалж байна.