Цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоногийн эхэн үед нийслэлд хүйтний эрч эрс чангарахыг анхааруулсан. Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Улмаар Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар ирэх долоо хоног /2022.11.28-12.02/-т болох цаг агаарын ноцтой хүйтрэлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлсэн. Тэгвэл энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгөв. Тэрбээр "Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Цар тахалаас шалтгаалж хоёр жил хичээл хаагдсанаас үүдэж бидэнд ихээхэн хоцрогдол үүссэн. Хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байна. Албан ёсоор арванхоёрдугаар сарын 16-нд өвлийн амралт эхэлнэ.
Сургуулийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэж байна гээд сургууль хаадаг, ковидын халдвар ихсвэл сургууль хаадаг, карантин гэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж харж байна.
Мөн цаг агаарын байдал, томуу, томуу төст өвчний нөхцөл байдал сурагчдын амралт эхлэх хүртэл хугацаанд ямар хүндрэл учруулж болох талаар нийслэлийн Боловсролын газраас судалгаа хийж байгаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд амрах юм. Амралт зургаан долоо хоног үргэлжилж, хоёрдугаар улирлын хичээл 2023 оны нэгдүгээр сарын 30-нд эхэлнэ" гэлээ.
LIVE: