Б.Мөнх-Од: Хот дотроо чөлөөтэй катокдож байна гэдгээр егөөдөж харуулахыг зорьсон /ВИДЕО/

Б.Мөнх-Од: Хот дотроо чөлөөтэй катокдож байна гэдгээр егөөдөж харуулахыг зорьсон /ВИДЕО/

Замын халтиргаа гулгаа жилийн жилд нийслэлчүүдийн толгойны өвчин болдог билээ. Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч чангарч, халтиргаа гулгаа эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатарын зам дээр бараг "каток" нээхээр болчихсон гэхэд болно.

Тэгвэл нийслэлийн явган хүний болоод автозам дээр халтиргаа гулгааны асуудлыг егөөдөж тэшүүрээр гулгасан Б.Мөнх-Одыг бид Social ID буландаа урьж ярилцлаа. Тэрбээр энэхүү бичлэгээрээ нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудлыг хөндөх гэж тэшүүр түрээсэлж гулгасан тухайгаа бидэнтэй хуваалцлаа.

ВИДЕО:

Ажлын цаг дууссаны дараа замын цагдаагийн хэлтэс дээр гулгаанаас болж мөргөлдсөн, шүргэлдсэн гэх асуудлаар гомдол гаргасан хүмүүс ганц нэгээр тогтохгүй. Мөн явган хүний зам дээр явж байсан иргэд халтирч хөл гараа хугалах тохиолдол ч нэмэгдсээр байгаа юм. Ялангуяа өндөр настан, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй гадуур явж байгаад бэртэх нь их байдаг аж. Мөн үйлчилгээний газрууд, байгууллага, аж ахуйн нэгжүүд Монголын цаг агаартай тохироогүй гулгамтгай хавтан шат тавьж, ойр орчмынхоо цасыг цэвэрлэдэггүйгээс үүдэн хөлдөж мөстөн, хүмүүс халтирч унаж байгааг албаныхан өөрсдөө ч онцлоод буй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллийн дагуу бэлтгэл ажлаа ханган 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийг бэлэн байдалд байлгажээ. Мөн зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байгаа талаар мэдээлж байсан ч нийслэлийн хэмжээний бүх зам, уулзвар бүрд энэ нь хүрч ажиллахгүй байгаа нь харамсалтай.