ВИДЕО: Төрөлтийн хоёрдугаар үе эхэлж, ургийн толгой цухуйсан байсан эмэгтэйг автомашинд төрүүлээгүй бол эх, ураг эндэх эрсдэлтэй байжээ

ВИДЕО: Төрөлтийн хоёрдугаар үе эхэлж, ургийн толгой цухуйсан байсан эмэгтэйг автомашинд төрүүлээгүй бол эх, ураг эндэх эрсдэлтэй байжээ

"Өргөө амаржих газрын гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн" гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байна. Тэгвэл тухайн иргэнийг яагаад автомашинд нь төрүүлэх болсон зэргийг бид сурвалжиллаа.

ВИДЕО:

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн /2022.12.31/ 22:40 цагийн орчимд иргэн Б-ийн нөхөр А нь "Өргөө" амаржих газрын хүлээн авах тасагт ирж, "Хүлээн авах тасаг нь мөн эсэхийг лавлаж, эхнэрээ амаржих гэж байгаа талаар хэлжээ. Улмаар бичиг баримтаа авч ирж, "Хүүхдийн толгой нь гарсан" талаар мэдэгдсэн байна. Энэ дагуу "Өргөө" амаржих газрын эх барих эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эхийг автомашинд нь төрүүлсэн байна. Учир нь эх барих эмчийг очиход автомашинд сууж байсан эмэгтэйн төрөлтийн хоёрдугаар үе хэдийнэ эхэлж, ургийн толгойн хэсэг цухуйсан байжээ. Тиймээс яаралтай тусламж үзүүлж, жирэмсэн эхийг автомашинд нь эсэн мэнд амаржуулсан байна. 

Харин эл үйл явдлыг А нь өөрийн гар утсаар бичиж, цахим сүлжээнд олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар мэдээлсэн гэдгийг "Өргөө" амаржих газрын эмч нар тодотгож байлаа. Эмч нарын хэлж буйгаар “Б нь тухайн өдөр 20 цагийн орчимд өвдөлт нь жигдэрч эхэлсэн ч 22:43 цагт эмнэлэгт ирсэн нь эх автомашиндаа амаржих нөхцөл байдлыг үүсгэсэн” гэв. Б нь эмнэлгийн байгууллагын гадаа автомашинтай ирснээс 7 минутын дотор амаржсан аж. Хэрэв тухайн үед эхийг автомашинаас буулгаж, эмнэлэг рүү оруулсан бол илүү эрсдэл гарах байсныг эмч нар хэлж байв. Мөн тэд "Иргэн А нь эхнэрээ төрөх гэж байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тасралтгүй бичлэг хийж, зөвхөн эмч нарын хүнд суртал зэргээс болж, эхнэрээ автомашинд төрсөн мэтээр тайлбарлаж байсан нь зохисгүй. Төрөх гэж байгаа эмэгтэй цаг алдахгүй эмнэлгийн байгууллагад хандсан бол автомашинаас буулгаж, эмнэлгийн тусламж үзүүлэх боломжтой байсан. Үйлчлүүлэгч нь төрөлтийн хоёрдугаар шат эхэлсэн байхад эмнэлгийн байгууллагад ирсэн ч эхийг эсэн мэнд амаржуулсан” гэдгийг тодотгож байлаа. Өдгөө эх, нярайн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж байгаа аж. Энэ талаар Б болон түүний ар гэрээс тодруулах гэсэн ч “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн татгалзсан.

Хэдийгээр жирэмсэн эмэгтэй автомашинд амаржсан нь харамсалтай ч оройтож эмнэлгийн байгууллагад хандсан хувь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж, үүнээс илүү эрсдэл үүсэх байсныг үгүйсгэхгүй юм.     




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө