"Өргөө" амаржих газрын гадна автомашиндаа амаржсан эхийн асуудлаар тус эмнэлгийн дотоод шалгалтыг эхлүүлсэн гэв

"Өргөө" амаржих газрын гадна автомашиндаа амаржсан эхийн асуудлаар тус эмнэлгийн дотоод шалгалтыг эхлүүлсэн гэв

Өнгөрсөн сарын 31-ны өдөр /2022.12.31/ 26 настай эмэгтэй "Өргөө" амаржих газрын гадна машиндаа амаржсан хэрэг гарсан. 

Тэгвэл тус хэрэг үйл явдалтай холбоотойгоор "Өргөө" амаржих газрынхан дотооддоо шалгалт хийж аль хэсэгт алдаа гарсныг тодруулахаар ажиллаж буй аж. Урьдчилсан дүгнэлтээр ёс зүйн болон харилцааны алдаа дутагдал гарсан гэж үзэж буй бөгөөд шалгалтын дүн гарсны дараа эмч, эх баригч, сувилагч нарын хэн нь ямар алдаа гарсан нь тодорхой болох аж. 

Болсон үйл явдлыг эргэн сануулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн /2022.12.31/ 22:40 цагийн орчимд иргэн Б-ийн нөхөр А нь "Өргөө" амаржих газрын хүлээн авах тасагт ирж, "Хүлээн авах тасаг нь мөн эсэхийг лавлаж, эхнэрээ амаржих гэж байгаа талаар хэлсэн байдаг. Улмаар "Өргөө" амаржих газрын эх барих эмч нар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эхийг автомашинд нь төрүүлсэн. Учир нь эх барих эмчийг очиход автомашинд сууж байсан эмэгтэйн төрөлтийн хоёрдугаар үе хэдийнэ эхэлж, ургийн толгойн хэсэг цухуйсан байсан учир яаралтай тусламж үзүүлж, жирэмсэн эхийг автомашинд нь эсэн мэнд амаржуулсан гэж тус эмнэлгээс мэдэгдээд буй. 

Харин эл үйл явдлыг А нь өөрийн гар утсаар бичиж, цахим сүлжээнд олон нийтийг төөрөгдүүлэх байдлаар мэдээлсэн гэдгийг "Өргөө" амаржих газрын эмч нар тодотгож байгаа юм. Эмч нарын хэлж буйгаар “Б нь тухайн өдөр 20 цагийн орчимд өвдөлт нь жигдэрч эхэлсэн ч 22:43 цагт эмнэлэгт ирсэн нь эх автомашиндаа амаржих нөхцөл байдлыг үүсгэсэн. Б нь эмнэлгийн байгууллагын гадаа автомашинтай ирснээс 7 минутын дотор амаржсан. Хэрэв тухайн үед эхийг автомашинаас буулгаж, эмнэлэг рүү оруулсан бол илүү эрсдэл гарах байсан" аж.