"Нохойд хазуулаад сүрьеэгийн вакцин андуурч тариулсан долоон иргэнийг ХӨСҮТ-д авчирсан" гэж мэдэгдлээ

"Нохойд хазуулаад сүрьеэгийн вакцин андуурч тариулсан долоон иргэнийг ХӨСҮТ-д авчирсан" гэж мэдэгдлээ

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан долоон хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакциныг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан.

Тэгвэл энэ талаар өнөөдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээлэл өглөө. Энэ үеэр, “Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ны орой 20:00 цаг орчим сүрьеэгийн вакцин туриулсан долоон иргэнийг ХӨСҮТ-д хүлээн авсан. Андуурч хийсэнтэй холбоотойгоор тус иргэдэд шинээр үүссэн өвчин байхгүй. Тухайн долоон иргэний гурав нь архаг, хууч өвчинтэй байсан нь өмнө байсан түвшиндээ байна. Энэ долоон иргэний тарилга хийлгэсэн хэсэг газарт улайссан, үрэвслийн шинж тэмдэгтэйгээр хоёр иргэний тарилга хийсэн газраас бага зэрэг цус шүүрсэн, өрөвслийн байдал илүү явагдаж байна. Одоогийн байдлаар хийсэн үзлэг шинжилгээгээр биеийн байдлыг хүнд, хүндэвтэр гэж үнэлэх хэмжээний зүйлс илрээгүй байгаа юм. Андуурагдаж хийсэн тарилгаас үүдэлтэй биеийн байдал хүндрэх, архаг хууч өвчин сэдрэх тал дээр сэргийлэн онцгой анхаарч ажиллаж байна. Сүрьеэ өвчний хувьд түгмэл байдлаар өвчлөх магадлал маш бага бөгөөд энэ тохиолдолд голчлон гардаг урвал нь хэсэг газрын улайлт, өрөвсөл гэдэг олон улсын дата, судалгаа байгаа” хэмээлээ.

М.Ариунаа