ТОДРУУЛГА: ЭМ-ийн сайд С.Чинзориг, Ж.Энхцэцэгийг хүлээн авч уулзсан нь үнэн. Албан тушаалд нь буцаан томилох тушаал гараагүй байна

ТОДРУУЛГА: ЭМ-ийн сайд С.Чинзориг, Ж.Энхцэцэгийг хүлээн авч уулзсан нь үнэн. Албан тушаалд нь буцаан томилох тушаал гараагүй байна

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн аравдугаар сарын 13-ны /2022.10.13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тушаал гаргаж чөлөөлсөн. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэг гаргаж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулсан ч одоогоор хариу гараагүй байгаа юм. Мөн Ж.Энхцэцэг нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг шүүхэд өгсөн билээ. 

Тэгвэл 21 хоногийн өмнө Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Чинзориг нь саяхан Ж.Энхцэцэгийг хүлээн авч уулзаад "Өргөө" амаржих газрын захиралд дахин томилж магадгүй гэж хэлжээ. Одоогоор тушаал гаргаагүй бөгөөд урьдчилсан байдлаар өмнөх албан тушаалд нь томилох боломжтой гэж ярьсан гэх мэдээлэл байна. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад " Хүлээн авч уулзсан нь үнэн. Одоогоор тушаал нь гараагүй байна" гэлээ.