Япон улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа

Япон улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл 10 дахь жилдээ үргэлжилж байна.

Өнөөдөр тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон улсад суралцах болзол хангасан 12 оюутанд батламж гардууллаа. Батламж гардсан 12 оюутан Япон улсад инженер, технологийн чиглэлээр суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ ажиллана.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өгсөн мэдээллээр бакалаврын хамтарсан хөтөлбөрт нийтдээ 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс 292 оюутан хамрагдаж, 91.2%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль(ШУТИС)-д хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10 их сургуульд 3 дугаар дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой. Төсөл нэг жилээр сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломж бүрдэж өнөөдөр гурван оюутан шилжин суралцах эрхээ авчээ.

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн гурван хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1,000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: БШУЯ




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө