Францын "Легионер" цэргийн армид алба хаасан Ж.Баянжаргал: Талибануудын эсрэг ажиллагаанд явж байсан зэрэг нь тухайн үед кинонд тоглож буй мэт төсөөлөгдөж байлаа /ВИДЕО/

Францын "Легионер" цэргийн армид алба хаасан Ж.Баянжаргал: Талибануудын эсрэг ажиллагаанд явж байсан зэрэг нь тухайн үед кинонд тоглож буй мэт төсөөлөгдөж байлаа /ВИДЕО/

Легионер цэрэг болоход “Шалгуур өндөр, тэнцэх тохиолдол бага” хэмээн хүмүүс ярьдаг. Тэгвэл таван жилийн хугацаанд Францын Легион армид алба хаасан Ж.Баянжаргалтай уулзаж ярилцлаа. Бид түүний оролцож байсан ажиллагааны талаар нарийвчилж яриулахыг хүссэн хэдий ч гэрээнд хүлээсэн үүргийн дагуу ярихаас татгалзаж байсан юм.

ВИДЕО:

Тэрбээр цэргийн албанаас халагдаж эх орондоо ирээд нэг жил гаруйн хугацааг өнгөрөөд буй. Эх орондоо ирснээс хойш цэрэг армийн мэдлэг олгох блог, рээлийг хийж байгаа. Анх түүний Францад амьдардаг ах Легион цэргүүдийн тухай ярьж өгснөөр багаасаа л Легионер цэргийн армид алба хаахыг хүсэж байжээ.

Их сургуулиа төгссөн 2016 онд цэргийн алба хаах насанд хүрж Франц улсыг зорьсон бол армид алба хаахаар явах үед хамгийн их дэмжлэг, туслалцаа үзүүлж байсан хүмүүс бол түүний гэр бүл. Легионы төв цэргийн бааз дээр анх 2016 онд очиж элсэлтийн шалгалтыг өгч байжээ. Шалгалт нь спорт, IQ, ярилцлага, хувь хүний мотиваци гээд олон төрлөөр авагддаг байна. Эдгээр шалгалтууд нь түүнд тийм ч хэцүү санагдаагүй. Харин хамгийн их айж байсан нь эрүүл мэндийн шалгалт байжээ. Ихэнх залуучууд эх орондоо эрүүл мэндийн асуудал байгаа эсэхээ шалгаад, асуудалгүй бол Легионы цэргийн армийг зорьдог. Гэтэл цэргийн бааз дээр эрүүл мэндийн шалгалтад ямар нэг шалтгааны улмаас тэнцэхгүй байх тохиолдолтой байдаг учир айсан хэмээсэн юм. Ж.Баянжаргалын хувьд шалгалтууддаа тэнцэж, бага наснаасаа мөрөөдсөн түүний мөрөөдөл биелж Легионы цэргийн армид түрүүч цолтойгоор алба хаажээ.

Өөрийн амьдралдаа уулзаж үзээгүй олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэж, найз нөхөд болон элит түвшинд бэлтгэл хийх, дэлхийн том гүрнүүдийн нэгт очиж ажиллаж амьдарна гэдэг түүний хувьд хамгийн ихээр хүсэл зоригийг нь бадрааж байжээ. Мөн их зүйл харж, мэдэж, өөрийгөө таних нь Легионер цэргийн армид элсэх гол зорилго нь болж байсныг онцолсон юм.

-Легионер цэргийн сургуулилт-

Цэргүүдийг ямар ч нөхцөл байдалд бэлэн байлгахын тул сургуулилтыг халуун, хүйтэн, цастай, бороотой, усанд, газар, ууланд гээд бүх газар, нөхцөл байдалд очиж бэлтгэл хийлгэдэг. Кардио бэлтгэл, гүйлт, олсонд авирах, турникт сунайх зэрэг бэлтгэлүүдийг өдөр тутам хийдэг бөгөөд нэмэлтээр бие хамгаалах урлаг, хувцас хэрэглэлтэй биеэ болон найз нөхдөө хамгаалах, буудлага зэрэг сургуулилтыг ордог. 

Түүний карьертаа хийж байсан хамгийн хүнд сургуулилт бол 2018 онд Францын эрх мэдэлд байдаг Майот гэх аралд хоёр долоо хонгийн турш хийсэн усны тусгай сургалт аж. Учир нь далай дунд цэргүүдийг ус руу унагааж, газар дээр байгаа мэт удаан байлгаж сургах сургуулилт байжээ. Хүн болгон газар алхаад удаан хугацаанд явж чадах бол усанд газар байгаатай адил удаан байх хэцүү. Уг сургуулилтын үр дүнд “Усанд газар дээр байгаа мэт болтлоо сургуулилт хийсэн” хэмээсэн юм. Харин сургуулилтын үеэр бидний зөвхөн киноноос л харж чадах нисдэг тэрэгнээс үсрэх, чөлөөт уналт хийх гэх мэт зүйлсийг хийх нь Ж.Баянжаргалын хувьд өөрийгөө кинонд тоглож буйгаар төсөөлөх сонин, гоё мэдрэмжүүдийг төрүүлж байжээ.

 “Легионы цэргийн армид алба хаах хэцүү. Тал дээр ганц ширхэг чүдэнзтэй үлдээгээд явчихдаг” гэх дам яриа бий. Тэгвэл Ж.Баянжаргалын хувьд шөнө дунд лаа, газрын зурагтай үлдэж өгсөн тодорхой цэгээс юм олж дараагийн цэгт хүргэх сургуулилтыг хийж байжээ.

-Легионер цэргийн ажиллагаа-

Тус цэрэг, арми нь амь нас эрсдэх магадлалтай ажиллагаанд явах тохиолдол байдаг. Эрсдэл өндөр ажиллагаанд явах цэргүүдийн хувьд амиа алдсан ч гомдолгүй гэх утга бүхий гэрээнд гарын үсэг зурах ёстой. Түүний хувьд эрсдэлтэй ажиллагаанд явахдаа бусдын адил “Би хийдэг зүйлээ хийж  байна” гэж бодон гарын үсэг зурдаг байжээ. Мөн гарын үсэг зурах үед “Онцгой гэмээр мэдрэмж төрдөггүй байсан” хэмээсэн юм. Оролцож байсан ажиллагаа:

  • 2018 онд Майот арал дээр тухайн бүс нутгийг хамгаалах, Францын цэргийн хүчин байгаа гэдгийг мэдрүүлэх гэж цэргүүд байлгадаг, давхар сургуулилт хийдэг
  • 2017 онд Эстони улс руу НАТО-гийн улсуудын хамтарсан сургуулилтын ажиллагаа
  • 2019 онд Африкийн Мали улс руу Талибануудын эсрэг үйл ажиллагаа

-Легионы армид Монгол цэргүүд тэсвэр, тэвчээр талаасаа бусдаас илт давуу ялгарч чаддаг-

Легионд ойролцоогоор 150 орчим орны цэргүүд алба хаадаг. Тэр дундаас Монгол цэргүүд тэсвэр, тэвчээр талаасаа бусдаас хамаагүй илт давуу ялгардаг байна. Тус армид алба хааж буй бүх улсын цэргүүд үүнийг хүлээн зөвшөөрдөг ажээ. “Монгол цэргүүд тэсвэртэй, тэвчээртэй, гүйлгээ ухаан сайтай, юмыг амархан сурдаг, цэргийн эрдэм, хүчний талаасаа бусад орны цэргүүдээс давуу, биеэ авч яваа байдал, хувь хүн талаасаа гээд давуу тал олон. Жишээ нь хувцсаа индүүдэх, өөрийнхөө хувцсыг угааж цэвэрлэх талаасаа илүү цэвэр, цэмцгэр” гэсэн юм.

-Легионер цэргийн амьдрал-

Легионер цэрэг байна гэдэг нь ажлын цагтай, амралтын өдөртэй байдаг. Ажлын цагаар ажиллагаанд явах, сургуулилт хийх зэргийг хийдэг бол ажлын бус цаг болон амралтын өдөр энгийн хүний хийж болох бүх зүйлийг хийдэг аж. Монголд жилийн нэг сарыг сонгон сар гаруй хугацаанд амардаг. Легионы арми жилд нэг удаа 45 хоногийн чөлөө өгдөг байна. Тус чөлөөг ашиглаж цэргүүд эх орондоо очих боломжтой юм. Харин анги дээрээ байгаа тохиолдолд ажиллаагаад яваагүй, харуулд гараагүй бол ангиас гарч болдог. Мөн анги болгонд дэлгүүр байдаг тул хүссэн бүх зүйлээ хийж болдог.

Легионер цэргийн сарын цалин албан ёсны сайт дээр 1380 евро гэж байдаг. Гэвч гар дээр авах цалин нь 1200 гаруй евро байдаг. Учир нь цэргүүд өөрийн даатгал, нэмэлт зардал зэргийг цалингаасаа гээд гар дээр цэвэр авч байгаа мөнгө нь 1200 гаруй евро авдаг.