БНСУ-д сургасан монгол далайчдыг цаашид Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд ажиллуулна

БНСУ-д сургасан монгол далайчдыг цаашид Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд ажиллуулна

Далайд гарцгүй Монгол Улс өөрийн эзэмшлийн хөлөг онгоцтой болж түүн дээр өөрийн орны далайчдыг ажиллуулах алсын харааны хүрээнд БНСУ-тай энэ чиглэлээр 2012 оноос хойш идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлж буй.

Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институттэй далайн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг анх 2013 онд байгуулснаас хойш тус институтэд олон улсад ажиллах эрх бүхий гэрчилгээтэй 10 гаруй далайчдыг бэлтгэсэн.

Улмаар Монгол-Солонгосын хамтарсан “Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийг Засгийн газрын 180 дугаар тогтоолоор үүсгэн байгуулж Солонгосын талын хамтрагч болох “Саммок Шиппинг” ХХК-ийн эзэмшлийн хөлөг онгоцон дээр бэлтгэгдсэн далайчдыг дадлагажуулан ажиллуулж ирсэн.

Олон улсын далайн тээврийн танхимаас гаргасан судалгаагаар дэлхий нийтийн далайчдын эрэлт нь нийлүүлэлтээсээ даруй 2.1 хувиар илүү буюу 16,500 олон улсын үнэмлэх бүхий хөлөг онгоцны удирдлагын ажилтан болон инженерийн бодит шаардлага тулгараад байгааг мэдээлсэн бөгөөд нийт туслах далайчдын эрэлт 15.8 хувь буюу 119,000 далайчид дэлхийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байна.

Монгол Улс газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй ч ажиллах хүчний нөөцийн хувьд далайд гарч ажиллах бүрэн боломжтой бөгөөд дэлхий нийтийн хөдөлмөрийн зах зээлд далайчдын эрэлт /16500 удирдах түвшний офицер, 119000 туслах далайчны бодит хэрэгцээ/ байсаар байгаа энэхүү боломжийг ашиглах зорилгоор 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Далайн захиргаа БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаа хооронд гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулсан.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд талууд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр “Монгол Улсын далайн тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дотоодын усан замын тээврийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Монгол Улсын Сангийн яамаар дамжуулан БНСУ-ын талд хүргүүлсэн.

Энэ төслийн хүрээнд 45 Монгол далайчныг бэлтгэх ба 2023 оны дөрөвдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга тэргүүтэй албан хаагчид БНСУ-д томилолтоор ажиллах үеэр БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын яамны удирдлагатай уулзсаны дагуу тус яамнаас уг төслийг бүрэн дэмжиж, ирэх 2024 онд БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэгч төслүүдийн жагсаалтад оруулан Гадаад харилцааны яамандаа уламжилсан болохыг мэдэгдлээ.

Дэлхийн далайчдын хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг БНХАУ, Филиппиний далайчид эзэлдэг. Олон улсын хөдөлмөрийн зах зээлд Монгол далайчдыг бэлтгэн нийлүүлснээр Монгол Улсын далайн тээврийн салбарын хөгжлийг дэмжээд зогсохгүй ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, валютын урсгалыг татах, ажилгүйдлийг бууруулахад уг төсөл онцгой ач холбогдолтой юм.

Төслийн хүрээнд бэлтгэгдсэн далайчдыг цаашид Монгол Улсын далбаатай хөлөг онгоцон дээр ажиллуулах бодлого баримтлан ажиллаж байна. 

Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа