ШУУРХАЙ: Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлөөс "Англи хэлийг бага ангиас заана" гэсэн заалтыг шүүмжилж ҮАБЗ, БШУЯ-д бичиг хүргүүлжээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлөөс "Англи хэлийг бага ангиас заана" гэсэн заалтыг шүүмжилж ҮАБЗ, БШУЯ-д бичиг хүргүүлжээ

Өнгөрсөн тавдугаар сарын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэх үед Ардчилсан намын бүлэг долоо хоногийн завсарлага авсан. Ингээд үргэлжлүүлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн учир тус хуулийн хэлэлцүүлэг тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байсан юм. 

-БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ МАРГААШНААС ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ-

Тэгвэл Боловсролын хуулийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.06.08/ үргэлжлүүлэн хийх гэж байна. Улсын хамгийн чухал асуудал бол боловсрол. Энэ утгаараа Боловсролын хуульд өндөр ач холбогдол өгч хаврын чуулганаар хэлэлцэх гурван том хуулийн нэгд багтаагаад буй. Тус хууль хэрэгжиж эхэлснээр боловсролын салбарт бүхэлд нь өөрчлөлт, шинэчлэл хийнэ. Эдгээрээс олон нийтийн анхаарлын төвд орсон ганц заалт байгаа нь "Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" болгон зүйлчилж, бага ангиас нь зааж эхлэх тухай юм.

Хэлэлцүүлгийн шатанд энэ заалт олон нийтийн дунд маргаан үүсгэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. УИХ-ын гишүүд болон иргэд өөр, өөр байр, суурийг илэрхийлж байлаа. Гэхдээ олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж буй иргэдийн олонх нь "Англи хэлийг бага ангиас нь заах нь зөв. Хүүхдээ англи хэлтэй болгохын тулд төлбөр  төлж сургадаг улс Монголоос өөр байхгүй. Англи хэл бол дэлхийн нийтийн ойлголцдог хэл болсон. Бүх шинжлэх ухааны ном, гарын авлага англи хэл дээр бичигдэж байна. Дэлхийн хэмжээнд боловсрол эзэмшинэ гэвэл англи хэлийг бага ангиас заахаас өөр аргагүй. Мөнгөтэй айлын хүүхдүүд бага ангиасаа англи хэл сураад боломжгүй айлын хүүхдүүд орхигдоод буй учир гадаадын сургуульд явж чадахгүй байна. Хүүхдүүд youtube үзээд англиар ярьдаг болсон энэ цагт англи хэлийг бага ангиас нь заахгүй гэдэг нь муйхар бодол" гэж байлаа. 

-ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН НЭГ ХӨТӨЛБӨРИЙГ Ч АНГЛИ ХЭЛЭЭР ЗААЖ БОЛНО-

Тэгвэл тус маргаан маргаашийн хэлэлцүүлгээр ч үргэлжлэх бололтой. Цаашлаад тус заалт хэлэлцүүлгийн шатанд "унах" эрсдэлтэй байгааг албаны эх сурвалж хэлж байна. Учир нь УИХ дотор нэлээдгүй гишүүн "Монгол хүүхдийг сурган хүмүүжүүлэх ёстой" гэх байр, сууриа хамгаалж буй аж.

Хамгийн ноцтой нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсролын яам, УИХ болон хэд, хэдэн газарт бичиг хүргүүлж, "англи хэлийг бага ангиас заах" заалт нь эх хэлний дархлаанд сөргөөр нөлөөлнө гэх агуулгаар бичиг хүргүүлжээ.

Тус зөвлөл нь 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулагдаж байсан бөгөөд даргаар нь доктор, профессор Л.Дашням ажилладаг байна. Хууль санаачлагчдын тухайд "Хэрвээ энэ заалт хэрэгжвэл англи хэлийг ганцхан бага ангийн сурагчдад заагаад орхихгүй их сургуулийн нэг хичээлийн хөтөлбөрийг ч англи хэлээр явуулж болно. Мэргэжлийн боловсролын нэг хичээлийг англи хэлээр зааж болно. Зөвхөн бага ангийн сурагчдаар хязгаарлаж болохгүй" гэсэн тайлбарыг хэлээд байгаа юм. Цаашлаад боловсролын чанараараа тэргүүлж буй улс, орнууд англи хэлийг нэгдүгээр ангиас нь зааж эхэлсэн байдаг жишээ бий билээ. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө