100 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоу Монголд анх удаа

100 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоу Монголд анх удаа

Залуусын дуу хоолой, үзэл бодлоо нийгэмдээ илэрхийлэх нээлттэй индэр нь болж, баримт нотолгоотой, ёс зүйтэй мэтгэлцээнийг хөгжүүлэхээр “ТэнГэр” телевиз 100 сая төгрөгийн шагналын сантай “Үндэсний Мэтгэлцээний Лиг” оюуны реалити шоу нэвтрүүлгийг Монголд анх удаа зохион байгуулж байна.

Уг тэмцээн нь Монголын мэтгэлцээний лигд төдийгүй дэлхийн аль ч улсад байхгүй цоо шинэ дүрэм, форматаар явагдаж буй гэдгээрээ онцлогтой. Мэтгэлцэх нь аливаа шийдлийг задлан шинжлэх, байр сууриа хамгаалах гэх мэт сэтгэлгээний ур чадваруудыг эзэмшүүлэх ашиг тустай бөгөөд багууд “Засгийн газар” болон “Сөрөг хүчин” гэх эсрэг үзэл баримтлалд хуваагдан өөрсдийн байр суурийг батлахын сацуу өрсөлдөгч багийн дэвшүүлсэн аргументыг няцаах байдлаар тоглолт явагдана.

Улс орон даяар 13 их, дээд сургуулиас оролцож буй 40 багийн 200 оюутан залуус өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудал болон яг одоо УИХ-д хэлэлцэж буй хуулийн төслүүдийг сэдвээ болгон баримт нотолгоотой мэтгэлцэж байгаа нь олон нийтэд нийгмийн асуудлыг залуусын нүдээр харж, тэдний үзэл бодол, сонирхолтой шийдлүүдтэй танилцах боломжийг олгож байна.

Долоодугаар сарын 2-ныг хүртэл нийт 14 дугаарын турш мэтгэлцсэний эцэст Үндэсний аваргаа тодруулах тус шоу нь аль хэдийн шилдэг найман багаа шалгаруулсан бөгөөд хүн бүхэнд чухал ач холбогдолтой сэдвүүдийг хөндөн, ширүүхэн хэдий ч соёлтой мэтгэлцээнийг өрнүүлж байгаа юм.  Нийгмийн асуудалд санаа тавьдаг хэн бүхэн ул суурьтай, баримт нотолгоотой мэдээллийг авахыг хүсвэл Бямба, Ням гараг бүрийн 20 цагаас ТэнГэр телевизээр хүлээн авч үзэх боломжтой. Мөн уг шоуны debateleague.show сайт болон доорх сошиал сувгуудаар зочлон дэлгэрэнгүй мэдээллийг авч, өмнөх дугааруудыг нөхөж үзэх боломжтой.