Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчид бүртгэлийн хуудсаа үзүүлээд автобус болон UBcab-аар үнэгүй үйлчлүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчид бүртгэлийн хуудсаа үзүүлээд автобус болон UBcab-аар үнэгүй үйлчлүүлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчид бүртгэлийн хуудсаа шалгуулаад нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй зорчино.

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06.15/ 10.00 цагт эхэлж буй. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргасан байна.

Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, усны хязгаарлалт хийхгүй байх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгожээ.

Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Нийтийн тээврийн үйлчилгээнээс гадна "UB cab онлайн такси үйлчилгээний газар"-аас жолооч нарыг уриалан ЭЕШ өгч буй сурагчдад зориулан “Үнэгүй Ubcab” үйлчилгээ гаргана гэдгээ мэдэгдсэн байна.