Л.Ганбат: Улсын хэмжээнд нийт 158 шалгуулагч 800 оноо авсан

Л.Ганбат: Улсын хэмжээнд нийт 158 шалгуулагч 800 оноо авсан

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үр дүнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат, “Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд нийт 34462 шалгуулагч бүртгүүлснээс 31874 шалгуулагч шалгалтандаа хамрагдсан бөгөөд 92.6 хувийн ирцтэй байлаа. Математикийн хичээлд хамгийн олон хүүхэд буюу 21810 хүүхэд, орос хэлний хичээлийг хамгийн цөөн буюу 787 шалгуулагч өгсөн. Энэ жилийн хичээлийн ЭЕШ-ын анхны оноог өнгөрсөн жилийнхтэй харьцуулаад үзэхэд буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч үүгээр боловсролын чанарыг шууд дүгнэж болохгүй.

Улсын хэмжээнд 800 оноог 158 шалгуулагч авсан. Өнгөрсөн онд 208 байсан бол энэ жил буурсанүзүүлэлттэй байна. Энэ нь хэмжээст оноо шилжүүлж буй аргачлал болон тухайн жилд шалгалт өгч буй шалгуулагчдын тооноос хамаардаг зүйл. Тиймээс хүүхдүүд муу байна гэж огт дүгнэж болохгүй.  

ЭЕШ-тай холбоотой өргөдөл гомдлууд тодорхой хэмжээнд гарч байгаа. Өнөөдрийн байдлаар 150 гаруй өргөдөл ирсэн бөгөөд бүгд шалгалтынхаа дүнд сэтгэл дундуур байна, материалтайгаа ахин танилцах хүсэлтэй байна гэсэн гомдлууд иржээ. Энэ тал дээр нээлттэй ажиллана.

Мөн ЭЕШ-д хандах сурагчдын хандлага өөрчлөгдөж байна. Энэ жилийн хувьд хориглох зүйлс авч орсон, зөрчил гаргасан зүйл байгаагүй. Мөн шалгалтанд хоцорч ирсэн хүүхдүүд маш цөөхөн байсан. Шалгалтын үеийн дэгийг мөн зөрчсөн зүйлс байсангүй. ЭЕШ-ын дүнгээр тухайн аймаг дүүргийн Боловсролын чанарыг шууд боломжгүй. 1500 хүүхэд шалгалт өгч буй аймгийг 200 хүүхэд шалгалт өгсөн аймагтай харьцуулах нь өрөөсгөл шүү дээ" гэлээ.