САЙН МЭДЭЭ: Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй зохион байгуулж байна

САЙН МЭДЭЭ: Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй зохион байгуулж байна

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байсан Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй зохион байгуулж байна.

Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг энэ  оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулсан.

Бүртгэлд 133 шалгуулагч материалаа ирүүлж эхний шатны шалгаруулалт буюу бичиг баримтын бүрдэл, сургуулийн эрэмбэ, хэлний оноо зэрэг үзүүлэлтээр 33 суралцагч шаардлага хангахгүй гэж үзсэн учир хасагдсан бөгөөд өнөөдөр /2023.06.23/ 100 хүүхэд Суралцах чадварын ерөнхий үнэлгээний шалгалтад оролцож байгаа юм.

Суралцагчид эхний үе шатуудаас цуглуулсан оноо болон өнөөдрийн суралцах чадварын үнэлгээний нийлбэрээр эрэмбэлэгдэж эхний 50 шалгуулагч дэлхийн шилдэг сургуульд суралцах санхүүжилтийн эрхээ авна. Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэлийг гаргахдаа “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон 2023 оны эрэмбийг баримталж байна.