М.Номин: Балетын олон улсын тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзлэхэд өөрөөрөө маш их бахархсан /ВИДЕО/

М.Номин: Балетын олон улсын тэмцээнд оролцоод хоёрдугаар байр эзлэхэд өөрөөрөө маш их бахархсан /ВИДЕО/

Сонгодог урлагийн нэгэн гайхалтай төрөл болох балетийн урлагаар хичээллээд хэдийнээ таван жил болсон 10 настай охин М.Номинг бид энэ удаад онцлон ярилцлаа.

М.Номин нь “Сильфида” балетын сургуулийн сурагч бөгөөд саяхан АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болж өнгөрсөн олон улсын нэр хүнд бүхий балетын тэмцээн болох “World Ballet Competition 2023” тэмцээнд оролцож, хоёрдугаар байрт шалгарчээ. Тэрбээр, эхний бүжиг дээрээ 8.5 оноо авч, хамгийн өндөр онооноос 0.188 оноо бага авсан бол дараагийн бүжигтээ 9.438 буюу хамгийн өндөр оноог авснаар хоёр бүжгийн дундаж оноогоор 8.968 оноо авч, хамгийн өндөр оноотой хүүхдээс 0.032 оноо бага авч ийнхүү хоёрдугаар байрт шалгарсан байна.

ВИДЕО:

“Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргасан өөрөөрөө маш их бахархсан” гэж ярих түүний энэ бяцхан биенээс тэр их хүч чадал, хичээл зүтгэл хэрхэн гарсныг гайхах юун. Бие бага ч бэлчээр том, дэлхийн хэмжээний балетчин болоод Монгол улсынхаа нэрийг балетийн ертөнцөд цуурайтуулах чин хүсэл мөрөөдөлтэй бяцхан хэрнээ, сэргэлэн цовоо, ухаалаг түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Юуны өмнө нэр хүнд бүхий дэлхийн томоохон тэцээнд түрүүлсэнд нь маш том халуун баярыг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Маргадын Номин гэдэг. Би одоо 10 настай. Нийслэлийн ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн 4г ангид сурдаг. Би Сильфида балетын сургуулийн М.Төмөрцоож багшийн удирдлага дор таван жил балетаар хичээллэж байна.

-Анх балетаар хичээллэхэд юу нөлөөлсөн бэ? Өөрийн хүслээр балетаар хичээллэж эхэлсэн үү?

Анх Сильфида балетын сургуулийн тайлан тоглолтыг үзэх үед аав ээж нар нь хүүхдүүддээ цэцэг өгөөд байхаар нь би ээж ааваасаа “Би балетаар хичээллэвэл та нар надад цэцэг өгөх үү?” гэж асуухад ээж “тэгэлгүй яадаг юм бэ? аав ээж нь цэцэг өгнө шүү дээ” гэж хэлэхээр нь гоё санагдаад анх балетад орсон доо. 

-Балетын урлагаар хичээллэхэд хамгийн гоё санагддаг зүйл чиний хувьд юу вэ?

Бүжиглэж олон хүмүүст өөрийнхөө чадварыг харуулах нь гоё санагддаг. Заримдаа шантармаар зүйл тохиолдсон ч бэлтгэл дээрээ хичээгээд хийхээр алдаа гардаггүй. Түүнээсээ их урам авдаг.

-Бэлтгэл нь долоо хоногт ямар давтамжаар ордог вэ? Хэцүү санагдах зүйл байдаг уу?

Тэмцээний үеэр бэлтгэл өдөр болгон ордог. Тэмцээн дуусаад бэлтгэлээ багасгаж, амралтын маягаар дасгалаа хийдэг. Хэцүү зүйл байдаг ч гэсэн балетад дуртай болохоор тийм ч хэцүү санагддаггүй ээ.

-Хамгийн сүүлд оролцсон Олон улсын тэмцээнийхээ тухай ярихгүй юу? Амжилттай оролцоод ирсэн шүү дээ. Олон улсын тэмцээнд амжилт үзүүлэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?

Хамгийн сүүлд “World Ballet Competition” олон улсын балетийн тэмцээны 9-11 насны төрөлд оролцоод мөнгөн медаль авсан. Дэлхийн тайзнаа гарлаа, олон өөр улсын хүүхдүүдтэй бүжиглэлээ гэж бодохоор гоё санагдсан. Анх удаа оролцоод олон улсын тэмцээнд байр эзэлнэ гэдэг маш сайн хэрэг гэж л бодсон доо. Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргахаар маш гоё санагдаж байсан.

-Олон улсын тэмцээнд амжилт гаргаад хамгийн гоё санагдсан зүйл нь чиний хувьд юу вэ?

Монголд ирээд онгоцны буудалд буухад гэрийнхэн маань “Баярын мэнд хүргэе” гээд орилохоор нь би бараг л уйлах шахсан. Тэмцээнд оролцоод Сингапурын балетын академид тэтгэлгээр орох урилга өгсөн.

-Цаашдаа энэ сургуульд суралцъя гэж бодож байгаа юу?

Тийм. Би ер нь балетаар хичээллэхээ зогсоохгүй гэж бодож байгаа.

-Гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ? Мөн гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

Аав ээж мөн багш маш их тусалдаг. Манай аав жоохон л бүжиглэдэг. Ээж маань “Улаан сарнай” хамтлагт бүжиглэдэг байсан. Манай эгч бүжгийн дугуйланд явдаг. Бас нэг эгч СУИС-д сурдаг.

-Өмнө нь ямар тэмцээнүүдэд оролцож шагнал хүртэж байсан бэ?

“Балет хөгжил” тэмцээнээс мөнгөн медаль, Дуурь бүжгийн театраас мөнгөн медаль авч байсан. Харин “YGP” гээд Японы тэмцээнд хоёрдугаар шатандаа тэнцсэн ч гэсэн байр эзэлж чадаагүй. Байр эзлээгүй үедээ хааяа жаахан гунигладаг хэдий ч дараа нь хичээнэ дээ гэж бодохоор арай дээр санагддаг.

-Үеийнхээ хүүхдүүдэд балетийн эерэг талыг хэлж өгөхгүй юу? Мөн ирээдүйн мөрөөдлөө бидэнтэй хуваалцаач?

Балетаар хичээллэхээр бие болоод далий нуруутай хүүхдийн нуруу нь засарч илүү уян налархай болдог. Мөн юмыг хурдан цээжилдэг болдог. Би том болоод дэлхийн тайзнаа гарч, алдартай балетчин болохыг хүсдэг. Хүүхэд багачууд маань балетаар хичээллэсний ач тусыг маш сайн ойлгоосой гэж хүсэж байна.

Бидэнтэй ярилцсан бяцхан дүүдээ баярлалаа. Цаашдынх нь урлагийн замналд нь томоохон амжилт хүсэн ерөөе