Н.Амгалан: Дулааны улирал болон үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна

Н.Амгалан: Дулааны улирал болон үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна

Дулааны улирал болон үер усны аюулаас үүдсэн гэдэсний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа талаар ХӨСҮТ-аас мэдээлэл хийлээ.

Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан, "Дулааны улиралтай холбогдуулан амьсгалын халдварын тохиолдол буурсан. Гэвч үер усны болзошгүй аюулаас шалтгаалан гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Он гарсаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн. Түүнчлэн 490 гаруй хүн цусан суулгаар өвдөөд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ нь хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт.  

Иргэд орон нутаг руу аялахдаа хүнсээ зөв сонгох, бага насны хүүхэд идэхэд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч явахгүй байх хэрэгтэй. Мөн үерийн ус туулах үед гэдэсний халдвар авах магадлалтай.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна" гэж онцлон хэллээ.