АНХААРУУЛГА: Туул, Сэлбэ, Дунд голоос гэдэсний савханцар, бичил биет илэрчээ

АНХААРУУЛГА: Туул, Сэлбэ, Дунд голоос гэдэсний савханцар, бичил биет илэрчээ

Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн 41 газраас үеийн усны чанар, найрлагаас дээж авч шинжилсэн шинжилгээний дүгнэлт гарчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн 2023 оны А/253 дугаар тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Ажлын хэсгийнхэн долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори (БОХЗТЛ)-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж, голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс 2, нийт 41 сорьцийг зааврын дагуу авч, Усны газрын “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн, усны физик, химиийн шинжилгээг 8, бичил амь судлалын шинжилгээг 6 үзүүлэлтээр хийсэн байна. 

Шинжилгээний дүнгээр эдгээр уст цэгүүдийн ус сул хүчиллэгээс сул шүлтлэг орчинтой (рН=5.9-8.4), эрдэсжилтийг тусгайлан тодорхойлоогүй тул цахилгаан дамжуулах чанар (EC)-ыг хэмжсэн үзүүлэлтээс тоймлон харахад ялимгүй эрдэсжилттэйгээс их эрдэсжилттэй (32.6.0-1851.0), бохирдолтыг тодорхойлогч үзүүлэлтүүдийн нэг болох хялбар исэлдэгч органик бодисуудын агууламж (ПИЧ), шим бохирдлыг илэрхийлэгч азотот нэгдлүүд (NH4, NO2, NO3) ихтэй ус байна.

Голуудын усны чанарыг тухайн сорьц авсан цэгүүд дээрх химийн шинжилгээний дүнг үндэслэн бохирдлын индексээр үнэлбэл Туул голын ус IV зэрэг буюу “Бохирдолттой” ангилалд багтаж байсан бол Сэлбэ, Улиастай, Дунд голууд нь V зэрэг буюу “Бохир” ангилалд багтаж байна.

Бичил амь судлалын үзүүлэлтээр шинжилгээнд хамрагдсан голуудын 22.2%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 16.6%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 38.8%-д E coli, 16.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 6.25%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) тус тус илэрсэн бол тогтоол усны тухайд шинжилгээнд хамрагдсан бараг бүхий л цэгүүдэд нянгийн бохирдол илэрсэн бөгөөд хувиар илэрхийлбэл 66.6%-д Гэдэсний бүлгийн савханцар /Coliforms organism/, 42.8%-д халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар /Thermotolerant coliform organisms/, 66.6%-д E coli, 47.6%-д Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бичил биетэн /Salmonella, Shigella/, 7.7%-д Сульфат задлагч агааргүйтэн (Сlostridia) илэрчээ.

Төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас цэвэрлэгдсэн бохир ус Туул голд нийлж байгаа хэсгээс буюу ТЦБ-ын гаралтын усны сорьцонд хийсэн химийн шинжилгээний дүнг MNS 4943:2015 стандартын хүлцэх дээд агууламжтай харьцуулж үзэхэд жинлэгдэх бодисын агууламжаар стандартад заагдсан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.9 дахин, нийт азотын агууламжаар 1.7 дахин, эрдэс фосфорын агууламжаар 1.4 дахин, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламжаар 9.9 дахин тус тус хэтэрсэн агууламжтай байгаа бол ТЦБ-ын цэвэрлэгээний түвшин тухайн сорьц авсан цаг үед 65-68%-тай цэвэрлэж байна.

Дээрх шинжилгээний дүн мэдээг ЦУОШГ-ын харьяа БОХЗЛабораторид 2023 оны эхний хагас жилд хийгдсэн Туул-Баянзүрхийн гүүр, Туул-Сонсголон, Туул-Сонгино доод, Шинэ гүүр, Сэлбэ-Дамбадаржаа, Дунд гол-УБ, Улиастай-УБ харуулын цэгийн хяналт шинжилгээний дүн мэдээтэй харьцуулж үзэхэд, физик үзүүлэлтийн хувьд онцын зөрөө гараагүй, зарим үзүүлэлт буурсан дүнтэй харагдаж байгаа ч шим бохирдлыг тодорхойлогч азотот нэгдлүүд, жинлэгдэх бодисын агууламж зарим цэгүүдэд өссөн нь айлуудын хог хаягдал, бохирын цооног, нүхэн жорлон болон хөрсний бохирдол үерийн усаар угаагдан гол руу орсонтой холбоотой байж болно гэж үзжээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө