Кино урлагийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын сургалт болно

Кино урлагийн салбарын уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын сургалт болно

Монгол улсын Соёлын Яам, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр "Иргэдийн Цахим Оролцоо" ТББ нь “КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийг санаачлан зохион байгуулах гэж байна. Иймд тус сургалтын талаар өнөөдөр /07 дугаар сарын 19/-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

“КИНО НҮҮДЭЛ” олон улсын сургалт нь Кино урлагийг дэмжих сангийн эхний сонгон шалгаруулалтаас шалгарсан төсөл бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс  2023 оны 09 дүгээр сарын 29-ний хооронд кино урлагийн салбарын уран бүтээлчдийн дунд зохион байгуулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд Австрали, Шинэ Зеаланд, Дани, Итали, Франц, Испани зэрэг дэлхийн киноны салбарын шилдэг 8 зөвлөх, 5 багш нар 2023 оны 08 дугаар сарын 01-22 -ны хооронд “Кино зохиол бичих” болон “Кино төсөл боловсруулах” дөрвөн долоо хоногийн цахим сургалтыг удирдан явуулах төдийгүй Монголын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, кино салбарт олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор Монгол кино үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах билээ.

Тус олон улсын сургалтын талаар Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул, Н.Уранчимэг, Г.Энхбаяр болон, Иргэдийн Цахим Оролцоо ТББ гүйцэтгэх захирал Т. Ганцэцэг, Киноны нүүдэл олон улсын хөтөлбөрийн захирал Б. Номинтуяа нар мэдээлэл хүргэв.