Н.Сувдмаа: Үертэй холбоотой гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй. Цаашид нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна

Н.Сувдмаа: Үертэй холбоотой гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй. Цаашид нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна

УОК-оос өнөөдөр цаг агаарын урьдчилсан мэдээ, халдварт өвчин, үер усны гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны хэлтсийн дарга Н.Сувдмаа "Гэдэсний халдварт өвчний улиралчлал зургаадугаар сараас эхэлдэг ба үүнтэй уялдуулан улиралчлал угтуулан зөвлөмж сэрэмжлүүлэг өгсөөр байгаа. Долоодугаар сарын эхний 7 хоногоос үерийн аюул нүүрлэсэнтэй холбоотой өдөр бүрийн хийгдэж байгаа тандалтын мэдээллийг хянаж, тандалтаа эрчимжүүлэн ажиллаж байна.

Үүнтэй холбоотой 21 аймгаас халдварт өвчний мэдээг өдөр бүрээр авч байна. Мэдээллээс харахад үертэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдээгүй, ойрын өдрүүдийн тандалтын мэдээллийг харахад ч нэмэгдэх динамик ажиглагдахгүй байна.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хүлээн авахаар 60 хүн ирж үйлчлүүлснээс 2 цусан суулга, 1 сальмонеллез хэвтсэн байна. Гэсэн ч иргэд маань тайвшрахгүй мэргэжлийн төв байгууллагын өгч байгаа зөвлөмжийг үргэлжлэн дагаарай.

Үүнд:

  • Гараа бохирдсон тухай бүр гараа савандаж, зөв дарааллын дагуу угаах
  • Хоол хүнсний аюулгүй байдлын 5 түлхүүр зөвлөмж дагаж мөрдөх
  • Гэдэсний халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эмчид хандан зөвлөгөө авах" хэмээн анхаарууллаа.