Археологичид: Сяньбигийн булшнаас өмнө нь гарч байгаагүй олдворуудыг олж 1800 жил хэн ч хүрээгүй, түүхэн судалгааг хийж байгаадаа баяртай байна /ВИДЕО/

Археологичид: Сяньбигийн булшнаас өмнө нь гарч байгаагүй олдворуудыг олж 1800 жил хэн ч хүрээгүй, түүхэн судалгааг хийж байгаадаа баяртай байна /ВИДЕО/

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгааны талаар бид өмнө нь мэдээлсэн. Мөн энэхүү түүхэн гайхалтай нээлтийг газар дээрээс нь тайлбар мэдээллийн хамт хүргэж үзэгчдээ 1800 жилийн тэртээ аялуулахаар iSee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Хонгор сумыг зорьсон билээ. Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Олдворын талаар товч дурдвал, Өнгөрсөн долдугаар сарын 31-ний өдөр МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн тэнхимийн доктор Т.Идэрхангай болон тус тэнхимийн 2-р багын хамт олон одоогоос 1800 жилийн өмнөх үе буюу Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшны малтлага судалгаа хийж, томоохон нээлтүүд хийв. Тодруулбал, бунхны хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга, бунхны үүдэнд тэдгээрийг дагалдуулж тавьсан хоёр хүн (зарц бараа бологсод бололтой хоёр язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан бүтэн), 20 гаруй шавар ваар сав болон ан амьтад мөн дал, дөрвөн өндөр зэрэг өмнө нь хаанаас ч олдож байгаагүй олдворууд гарсан юм.

Түүнчлэн бид малтлага судалгааны ажлыг сурвалжлахаар очих үед малтлага хийж буй баг хамт олон анхаарал татсан юм. Учир нь тэдний хийсэн малтлага судалгаа нарийн ажиллагаатай олон өдрийн хүнд ажил шиг харагдана. Гэтэл тус багт ихэвчлэн залуу хүүхдүүд тэр дундаа нэлээд хэдэн охин байх аж. Мөн тэд бүгд ажилдаа орж, шороо малтаж зөөхдөө нэг нь ард нь үл хоцорч бүгд энэ тэнцүү ажиллана. Иймд бид тэдний ажил болон түүхэн олдвор олсон сэтгэгдлийг нь хуваалцлаа.

ВИДЕО:

Олдворын түүхэн ач холбогдлын талаар сонирхуулбал, Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд судлаач, археологичид Монгол Улсын түүхэнд эргэлзэж, “Хэрэв энэ Монгол Улс эртний хүчирхэг гүрэн болох Хүннү, Сяньбигийн үр хойч гэдэг нь яг үнэн үү. Үнэн бол яагаад тус улсын газар нутгаас батлах олдвор олдохгүй байгаа юм. Эл түүх Хятадад хамааралтай юу” гэх таамгийг дэвшүүлэн хэлэлцэж эхэлсэн аж. Улмаар одоогоос 9 жилийн өмнө буюу 2014 онд археологич н.Одбаатар тэргүүтэй баг Эрдэнэтээс Сяньбигийн үеийн бунхант булшийг анх илрүүлж, 2019 он хүртэл малтлага, судалгааны ажил хийж, Сяньбигийн үеийн булш гэдгийг баталсан байдаг. Тиймээс энэ удаагийн малтлага судалгаа эл түүхийг дахин бататгахаас гадна Сяньби гэлтгүй бусад цаг үед хамаарах бунхнаас илэрч байгаагүй сонирхолтой олдвор, тус үндэстний уламжлалын талаарх өвөрмөгц таамаглалуудыг гаргаж ирлээ. Ингэхдээ хамгийн чухал нь хүнээр тахил өргөж, зан үйл үйлдсэн гэх тус булшнаас өдгөө Монгол ёс заншлын тахилга тайллагад хэрэглэж эрхэмлэн дээдлэхээс гадна аливаа дайллага цайллагын хамгийн эрхэмд тооцдог дал дөрвөн өндөр олсон юм. 

Нийт 40 гаруй өдрийг судалгааны талбайд өнгөрүүлсэн энэхүү гайхалтай нээлтийн эзэд бол Улаанбаатар их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн оюутнууд болон доктор Т.Идэрхангайн үе үеийн мундаг шавь нар байв. Тэд нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг хөдөлж хийж буй зүйлдээ олзуурхан хичээж буй нь ямар эх оронч археологичид болохыг нь харуулж байсан юм.  Тиймдээ ч дэлхий дахинд дахь судлаачдын эргэлзээг бат болгож Төв азийн зүрхэнд орших Монгол Улс агуу гүрний үргэлжлэл мөн шүү гэдгийг бататгалаа.

Тэдний энэ ажил хүнд бас бэрх, хэдэн зууны өмнөх руу ухарсан мэт. Тэр үеийн байршлаар нь бунхныг малтана гэдэг нь эхлэлээсээ төгсөл хүртэл нарийн мэдрэмжтэй улаан гараараа үзэлцэнэ гэсэн үг. Ингээд зогсохгүй байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд өдөр шөнийн алинд ч өөрсдийгөө бус олдвор, бунхан, булшаа хамгаална. Аз гэдэг ховор тохиох тааварлашгүй мөч. Харин хөдөлмөр гэдэг гарцаагүй тохиох гайхамшиг гэдгийг эл баг хамт олон жил дараалан харуулав. Эл багт 19 хүрэх гэж буй охид, хөвгүүдээс эхлээд 28 хүрч яваа магистр аспирант судлаачид багтсан. Тэд ер дөө 20 орчим бүрэлдэхүүнээр мөнгө биш сэтгэл ажил хийж болдог гэдгийг сэтгэлээс хийж буй ажил ямар үр дүнд хүрдгийг үлгэрлэлээ. Цааш монгол хүн бүр тэднээр бахархаж, дэлхий тэднийг биширнэ гэдэг нь дамжиггүй ээ.

ФОТО: