БШУЯ: Цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг есдүгээр сарын 11-нээс дахин бүртгэнэ

БШУЯ: Цэцэрлэгийн цахим бүртгэлд хамрагдаж амжаагүй хүүхдүүдийг есдүгээр сарын 11-нээс дахин бүртгэнэ

БШУЯ-наас сургуулийн элсэлт, цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбогдуулан өнөөдөр /2023.08.15/ мэдээлэл өглөө. Энэ үеэр  Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой мэдээлэл өглөө.

"Өнгөрсөн жилээс цэцэрлэгийн хүүхдүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 302,226 2-5 насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдах тоо байна. Үүний 142,798 нь Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдана гэх тоо бий. Өнгөрсөн жил 141,023 хүүхдийг хүсэлт гаргасан л бол цэцэрлэгт хамруулна гэх төлөвлөлтийн хүрээнд ажилласан. Өнөөдрийн байдлаар нийт 89 мянган хүүхэд цэцэрлэгт хамруулахаар бүртгүүлсэн байна. Өнгөрсөн жил 129 түрээсийн байрыг засаж, тохижуулсан. Түүнчлэн 270 гаруй цэцэрлэг дээр хамран сургах тойргийг нэмэлтээр тогтоож 15 мянган хүүхдийг хамруулсан. Түүнчлэн байгууллагын цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээ зэрэг бусад үйлчилгээг ашиглан 5 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 2 мянга орчмоор нэмэгдсэн. Тиймээс хүсэлт гаргасан хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж нээлттэй. Гэхдээ зарим хороодын ачаалал хэт өндөр байгаа. Тиймээс тохиромжтой зохицуулалт хийхээр ажиллаж байна. 

Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулна. Энэ жил хаягийн бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой гомдол, санал өнгөрсөн жилийнхээс бага байна.

Гэхдээ асуудал байна. Хаягийн бүртгэл нь шийдэгдээгүй, гэнэт шилжих хөдөлгөөн хийж байгаа хүүхдүүдийг хоёр дахь бүртгэлээр бүртгэнэ. Хоёр дахь бүртгэлийг есдүгээр сарын 11-нээс эхлүүлнэ. 

Өнгөрсөн жил нийт 2000 хүүхэд хуваарилагдсан цэцэрлэгтээ яваагүй. Тиймээс өнгөрсөн жил нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж 90 хувьтай байсан" гэлээ.