Багахангай дүүргийн цэцэрлэгийг 45 мянга гаруй ам.долларын буцалтгүй тусламжаар Японы Засгийн газар засварлана

Багахангай дүүргийн цэцэрлэгийг 45 мянга гаруй ам.долларын буцалтгүй тусламжаар Японы Засгийн газар засварлана

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар нийслэлийн Багахангай дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийг засварлахаар боллоо.

“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Х.Кобаяши, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд гарын үсэг зурлаа. Энэ нь Монгол Улсад хэрэгжиж буй “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 596 дахь, Багахангай дүүрэгт хэрэгжих анхны төсөл юм. Төслийн хүрээнд 45,133 ам.доллар буюу 156 сая гаруй төгрөгөөр тус дүүргийн 44 дүгээр цэцэрлэгийн хоёрдугаар байранд их засвар хийх юм.

Гарын үсэг зурсны дараа Элчин сайд Х.Кобаяши, өнгөрсөн онд Монгол, Япон Улсын хооронд диломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад айлчилснаар хоёр орны харилцааг тусгай стратегийн түншлэлийн түвшинд шат ахиулсныг онцлоод, 51 дэх жилийн ойг угтаж, ирээдүйн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн эхлэл болгон энэхүү төсөлд гарын үсэг зурж байгаагаа тэмдэглэв. Тус цэцэрлэгийн байр нь олон жилийн ашиглалтаас үүдэн дээвэр нь элэгдэж дусаал гоожсоноор өрөөнд хөгц, мөөгөнцөр үүсэж эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон. Мөн дулааны шугам бөглөрч, гэмтэл гардгаас өвөлд тасалгааны температур 10 хэм орчим болдог. Өрөөний шал доош сууснаас хүүхдүүд бэртэж гэмтэх, цахилгааны шугамд байнга гэмтэж, ил холболттой утас байгаа нь цэцэрлэгийн 25 хүүхэд, 6 багш, ажилчдын эрүүл мэндэд аюул, эрсдэл үүсгэж байна.

Иймд энэ төслийг хэрэгжүүлснээр эдгээр асуудлыг шийдэж, хүүхэд эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл бүрдэхийг Элчин сайд хэлж байлаа. Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд энэ үеэр төслийг богино хугацаанд амжилттай, чанартай хэрэгжүүлж, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл бүрдүүлэхээ тэмдэглэсэн юм. Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос эхлэн 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Багахангай дүүрэг нийслэлээс автозамаар 90 км, вагоноор 107 км зайд дэд бүтцийн таатай бүсэд оршдог. Дүүргийг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичигт хөнгөн үйлдвэрийн бүс болгон, үйлдвэр технологийн парк байгуулахаар тусгажээ. Одоогоор нэг аж ахуйн нэгж үйлдвэрийн барилгаа бариад эхэлсэн аж.