ВИДЕО: "Найрамдал" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас найман сурагчид тэтгэлэг олголоо

ВИДЕО: "Найрамдал" сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас найман сурагчид тэтгэлэг олголоо

Есдүгээр сарын нэгэн болж, бүх шатны боловсролын байгууллагууд хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр хийлээ.

Тэдний нэг нь түүхт 60 жилийн ойтойгоо золгож буй Монгол-Хятадын "Найрамдал" сургууль. Жил бүр гадаадын их, дээд сургуулийн тэтгэлэгт дийлэнх төгсөгчид нь хамрагддаг гэдгээрээ бахархдаг тус сургуулийн найман сурагч БНХАУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг гардан авсан баярт үйл явдлаар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай эхлүүллээ. 

ВИДЕО:

Тус сургуулийн нээлтэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Жан Ян, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ши Юан Бен, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн атташе Жи Рин, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын туслах Ю Зи Кью, Монгол-Хятад "Найрамдал" сургуулийн захирал асан Жан Шиан Мэн нар оролцож, үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол-Хятадын "Найрамдал" сургууль энэ хичээлийн жилд 600 гаруй сурагчид, 50 гаруй багш, ажилчидтай үйл ажиллгаагаа эхэлүүлж байгаа бөгөөд шинээр 100 гаруй бяцхан шавь нараа угтан авсан юм.

Нээлтийн үеэр Монгол-Хятадын "Найрамдал" сургуулийн захирал, Боловсролын тэргүүний ажилтан Жан Фэн Инг "Манай сургууль 1964 онд байгуулагдаж өнөөг хүртэл 60 жилийн нүүрийг үзэж байна. Би энэ сургуулийн дөрөвдэх захирал нь. Манай сургуулийн сургалтын амжилтыг үнэлээд Хилийн чанад дахь Хятад хэлний боловсролын шилдэг сургуулиар өргөмжилсөн. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсролын яам олон жил манай сургуулийн сургалтын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар ирсэн" гэдгийг тодотгож, нийт сурагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Жан Ян "Өнөөдөр БНХАУ-ын Элчин сайдын яамнаас хичээл сурлагадаа сайн, идэвхи зүтгэлтэй найман хүүхдийг сонгон тэтгэлэг олголоо. Эдгээр найман хүүхдийн долоо нь Монгол, нэг нь хятад улсын цагаач иргэний хүүхэд байсан. “БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам” болон Монгол-Хятадын "Найрамдал” сургууль нь маш нягт хамтран ажилласаар ирсэн. 2023 оноос буюу энэ оноос эхлэн Элчин сайдын яамны тэтгэлэг төслийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Жил бүр Монгол Улсаас оюутнууд Хятад улсад сургалцахаар очдог. Энэ нь хоёр орны иргэд хоорондын найрамдалт харилцаанд маш их эерэг нөлөө үзүүлдэг" гэдгийг тодотгосон юм. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол-Хятадын "Найрамдал" сургууль нь Монгол Улс дахь Хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 10 гаруй сургуулиудаас эхний топ гурван сургуулийн нэг шилдэг сургууль юм. Монгол-Хятадын "Найрамдал" сургуулиас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сүүлийн таван жилд 100 гаруй хүүхэд тус улсын шилдэг арван их сургуульд элсэн суралцаад байгаа аж.  Багшлах боловсон хүчний хувьд таван хувь нь доктор, профессор, 90 гаруй хувь нь магистр зэрэгтэй ба сүүлийн үеийн шинжлэх ухаан технологийн дэвшилтэд техник хэрэгсэлийг сургалтын үйл ажиллагаандаа ашигладаг байна.