ХӨСҮТ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгджээ

ХӨСҮТ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 40-60 орчим хүн үйлчлүүлж байгаагаас 30 орчим хувь хүн гэдэсний халдварт өвчнөөр хандаж байна. Энэ долоо хоногт гэдэсний халдварын 72 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хонгоос 10-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Энэ төрлийн халдварт өвчнөөр эмнэлэгт хандаж буй иргэдийн 90 орчим хувь нь гэдэсний цусан суулга өвчнөөр өвчилжээ. Мөн гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн 0-9 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Улмаар хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэх болсныг Тус өвчин нь бохир гар болон хоол хүнсээр дамжин халдварладаг гэж ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд “Бохир гар болон ус, хоолоор дамжин нарийн бүдүүн гэдсэнд халдварлаж гэдэс өвдөх, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн хоол хүнсийг хадгалалтын зөв горимд хадгалж, бүтэн боловсруулсан хоол хүнд идэх хэрэгтэй. Мөн сургууль цэцэрлэг орохоор эцэг эхийн хараа хяналт алдагддаг. Тиймээс гадуур гараа угаахгүй юм идэх зэргээс хамаарч халдвар гардаг. Мөн гэдэсний нян халдварлах чадвар маш өндөр байдаг тул халдвар илэрсэн тохиолдолд тухайн хүүхдийг түр тусгаарлах хэрэгтэй. Иймд гараа сайн угааж, хоол хүнсний таван А зарчмыг баримталж, түүхий ус уухгүй” байхыг зөвлөлөө.