Ж.Болдыг СЕХ-ны даргаар томилж, С.Эрдэнийн хүн гэх Д.Даваа-Очирын оронд П.Дэлгэрнаранг Нарийн бичгийн даргаар үлдээхээр ярьж байна

Ж.Болдыг СЕХ-ны даргаар томилж, С.Эрдэнийн хүн гэх Д.Даваа-Очирын оронд П.Дэлгэрнаранг Нарийн бичгийн даргаар үлдээхээр ярьж байна

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын дарга, хошууч генерал Ж.Болд эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг өнгөрсөн долоо хоногт /2023.09.06/ болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл ЦЕГ-ын дарга асан Ж.Болдыг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны даргад томилохоор ярьж байгаа ажээ. Өдгөө Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очир нар ажиллаж байгаа. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд "сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно", "Хорооны гишүүн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол хугацаанаас өмнө түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлнө" гэж заажээ.

Үүнээс үзэхэд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран ирэх намрын УИХ-ын чуулган эхлэхтэй зэрэгцэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, улмаар түүний оронд ЦЕГ-ын дарга асан Ж.Болдыг томилж магадгүй байна.

Харин СЕХ-ны дарга П.Дэлгэранаранг тус хороонд Нарийн бичгийн даргаар үлдээж, АН-ын дарга асан С.Эрдэнийн тавьсан хүн гэгдэх Д.Даваа-Очирыг албан тушаалаас нь чөлөөлнө гэх тохироог эрх баригчид хийж болзошгүй байгаа аж.

Учир нь СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Даваа-Очирыг 2020 онд Ерөнхийлөгч Х.Баттулга болон С.Эрдэнэ нарын санал болгосноор тус албанд томилж байжээ. Харин Д.Даваа-Очир нь АН-ын дарга асан С.Эрдэнийн дотнын найз бөгөөд түүний дэмжлэгтэйгээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албан даргаар томилогдож, мөн АТГ-ын дэд даргад олон нийтийн санал асуулгаар тодорч байжээ. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө Д.Даваа-Очирыг СЕХ-ны Нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөх нь зөв гэж эрх баригч МАН-ын удирдлагууд үзэж байгаа бололтой.