Хотын дарга асан Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан нэр бүхий иргэдийг MCS компанитай холбон мэдээлэхдээ иргэн Г.Болдбаатарыг “эрлийз Болдбаатар” хэмээн нэрлэсэн байдаг. Мөн нэр төрд халдсан хэмээн түүнийг шүүхэд өгөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэн Г.Болдбаатар өөрийн нэр төр, эрх ашгийг хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандахаа мэдэгдээд байна. Тэрбээр уг асуудлыг сошиал орчинд хэрүүл болгон үргэлжлүүлэх бус, хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэх байр суурьтай байгаагаа хэлж байсан юм.
ВИДЕО:
-НЯМБААТАР ГЭХ ХҮН МИНИЙ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАСАН, НАМАЙГ ЭРЭН СУРВАЛЖЛУУЛСАН ГЭСЭН УТГАТАЙ МЭДЭЭЛЭЛ ШҮҮХЭЭС ИРСЭН-
-Таныг Хотын дарга асан Х.Нямбаатарыг шүүхэд өгсөн гэсэн. Энэ талаарх мэдээллийг хэзээ авав?, ямар үндэслэлээр шүүхэд хандсан юм бол гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Х.Нямбаатарын зүгээс намайг аль хэдийн шүүхэд өгсөн. Есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс над руу залгаад Нямбаатар гэх хүн миний талаар гомдол гаргасан, намайг эрэн сурвалжлуулсан гэсэн утгатай мэдээлэл хэлээд, шүүх дээр ирж уулзахыг мэдэгдсэн. Одоогоор би очиж амжаагүй байна. Яг ямар шаардлага, ямар үндэслэлээр гомдол гаргасан, надаас юу шаардсан зэрэг баримт бичгийг нь авч байж тодорхой тайлбарлана. Шүүхийн материалаа үзээд, түүнд үндэслэж хариу тайлбар болон өөрийн эрх ашгаа хамгаалах дараагийн арга хэмжээг авна.
Намайг шүүхэд өгсөн учраас би ч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй. Гэхдээ надад тавьж байгаа шаардлага яг юу вэ, намайг ямар үг хэллэг, ямар мэдээллээр хүний нэр төрд халдсан гэж үзэж байгаа вэ, тэр мэдээлэл үнэн үү, худал уу гэдгийг шүүхийн хүрээнд тодорхой болгохыг хүсэж байна. Хэрэв миний хэлсэн зүйл хууль зөрчсөн бол хуулийн дагуу шийдэгдэх байлгүй. Харин миний талаар тараасан мэдээлэл өөрөө үндэслэлгүй, нэр төрд халдсан гэж үзвэл би мөн өөрийн эрх ашгийг хамгаалах ёстой.
-Шүүхээс дуудсан энэ нөхцөл байдал танд хэрхэн нөлөөлж байна вэ? Нөгөө хүн нь бас нэлээдгүй эрх мэдэлтэй хүн шүү дээ
-Мэдээж амаргүй байна байх. Би жирийн иргэн. Шүүхийн ажиллагаанд оролцохын тулд цаг хугацаа, мөнгө, хууль зүйн мэдлэг хэрэгтэй. Нөгөө талд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн байна. Тиймээс хоёр талын бодит боломж, нөөц адилхан биш гэдгийг би хэлж байгаа юм. Иргэн хүн төрийн албан тушаалтан, төрийн шийдвэр, төсөв, тендер, гэрээтэй холбоотой асуудлыг асууж, эргэлзэж, шүүмжилж болох ёстой гэж үзэж байна. Харин тэр шүүмжлэл нь хуулийн хүрээнд гүтгэлэг болсон эсэхийг баримтаар тогтоох ёстой. Хардлага, гүтгэлэг хоёрыг ялгахгүй дугарсан иргэн бүрийг шүүхээр чирж, залхаах нь өөрөө байж болохгүй зүйл. Аргаа барсан улс төрчдийн башир арга гэж хэлж болох байх.

-ШУУДХАН ХЭЛЭХЭД ЭНГИЙН ИРГЭН ҮҮНИЙГ ДАВЖ ГАРЧ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ГЭХДЭЭ БИ АЙХГҮЙ БАЙНА-
-Та үүнээс болж болж цаашид байр сууриа илэрхийлэхээс болгоомжилж байна уу?
-Үүнээс болоод иргэн хүн асуулт тавих, эргэлзэх, төрийн үйл ажиллагааг шүүмжлэх эрхээсээ татгалзах ёсгүй. Хэрэв миний хэлсэн зүйл буруу байсан бол түүнийг баримтаар харуулж болно биз дээ. Хэрэв гүтгэлэг байсан бол шүүхээр тогтоож болно. Би одоо шүүхийн материалаа авч, яг ямар үндэслэлээр гомдол гаргасныг нь харна. Тэгээд өөрийн хариу тайлбараа өгнө. Би энэ асуудлаас айгаад зугтахгүй. Хамгийн гол нь бидний дунд маш их зөрүү, эрх мэдэл, боломжийн ялгаа үүсч байгаа. Өөрөөр хэлбэл улс төрчид хамгаалалттай байдаг бол манай улсад жирийн иргэнийг хамгаалах мяханизм байхгүй. Шуудхан хэлэхэд энгийн иргэн үүнийг давж гарч чадахгүй шүү дээ. Бараг өмгөөлөгч авчиж чадахгүй байна. Би ч үүнийг давж гарахад хэцүү. Гэхдээ би байхгүй байна. Эцсийг нь үзнэ.
-ХҮНИЙГ ҮНДЭС, УГСАА, ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ НЬ ХОЛБОЖ ТОДОРХОЙЛОХ НЬ ӨӨРӨӨ ЭМЗЭГ АСУУДАЛ-
-Х.Нямбаатар цахим хуудсандаа таныг “Эрлийз Болдбаатар” гэж нэрлэсэн байсан. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хүнийг үндэс, угсаа, гарал үүслээр нь ялгаварлаж, олон нийтэд түгээж байгаа асуудлыг зүгээр орхиж болохгүй гэж бодож байна. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн жирийн иргэнийг ингэж хэлж болохгүй. Үндсэн хуульд хүнийг үндэс угсаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасан байгаа. Тиймээс би энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлнэ. Тэр MSC-ээс санхүүждэг гэдгийг ч тэр хүн нотлох ёстой. Хэрвээ нотолгоогүй гүтгэж байгаа бол Нямбаатар өөрөө хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
-Таны зүгээс буцааж шүүхэд хандасан байгаа юу?
-Мэдээж би ч бас өөрийн эрх ашгийг хамгаалуулахын тулд хуульд заасан арга хэмжээг авна. Хүнийг үндэс, угсаа, гарал үүсэлтэй нь холбож тодорхойлох нь өөрөө эмзэг асуудал. Мөн Иргэний хуульд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зохицуулалт бий. Тиймээс миний хувьд энэ үг ямар утгаар хэрэглэгдсэн, олон нийтэд ямар ойлголт өгсөн, миний нэр төрд халдсан эсэхийг хуулийн байгууллагаар тогтоолгох нь зөв гэж үзэж байгаа.
-Танд MCS-ийн трол гэх нэр хоч өгөөд байгаа. Та үнэхээр MCS-ээс санхүүждэг юм уу?
-Миний ажил, орлого, хаана ажиллаж байсан зэрэг мэдээллийг баримтаар шалгаж болно. Хэрэв намайг тодорхой компанийн нэрээр холбож байгаа бол ямар үндэслэлээр холбож байгаагаа тухайн хүн өөрөө тайлбарлах хэрэгтэй. Шүүмжлэл, байр суурь илэрхийлэх эрх хүн бүрд бий. Гэхдээ шүүмжлэл болон хүний талаар баримтгүй мэдээлэл тараах хоёр өөр зүйл гэж би ойлгож байна.
Ярилцсанд баярлалаа.
