Архангайд нэр дэвшихээр горилж буй Г.Сайханбаяр сайд тойргоо усалж, "Бөхийн өргөө"-нд болдог “Бүх цэргийн наадам”-ыг маргааш тус аймагт хийхээр болжээ

Архангайд нэр дэвшихээр горилж буй Г.Сайханбаяр сайд тойргоо усалж, "Бөхийн өргөө"-нд болдог “Бүх цэргийн наадам”-ыг маргааш тус аймагт хийхээр болжээ

Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хороо хамтран жил бүр зохион байгуулдаг Үндэсний бөхөд цол, чимэг олгодог "Бүх цэргийн наадам" уламжлалт барилдааныг маргааш /2023.09.16/ Архангай аймагт зохион байгуулахаар болсон байна. 

Өмнө нь "Бөхийн өргөө"-нд зохион байгуулдаг байсан тус барилдааныг энэ жил Архангай аймагт хийх гэж байгаа нь УИХ-ын сонгуультай холбоотой аж. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа тул, тэрбээр улс төрийн тойргоо “усалж” ийнхүү "бүх цэргийн наадам" хэмээх бөхийн барилдааныг Архангай аймагт зохион байгуулахаар болжээ. 

Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан саяхан /2023.09.06/ мэдээлэл хийж, "Сайд нар жагсаалтын хойно нуугдаж парламентад орох бодлыг агуулж болохгүй. Тэд улс төрийн манлайлагчид байх ёстой. Жагсаалтад дарга нарыг багтаадаг гэх ойлголтыг МАН хална" хэмээн мэдэгдсэн.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн танхимын бүх сайд нар 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад суухгүй, тойрогт нэр дэвшинэ гэсэн үг юм. 

Иймд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрөгч долдугаар сар /2023.07/-д болсон Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд нэлээдгүй хүч хаяж, цэргийн хүрээ байгуулж наадсан. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт “Зэвсэгт хүчний 342 дугаар анги”-ийг энэ ондоо багтаан байгуулах гэж байгаа аж. Тэгвэл энэ бүхэн нь Г.Сайханбаяр сайд парламентын гишүүн болохоор Архангайг усалж байгаа ажээ.

Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуулиар Архангай аймагт МАН-аас нэр дэвшиж парламентад сонгогдсон Ж.Мөнхбат "Нүүрсний" гэх хэрэгт холбогдон, гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан бол, тус аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг "Хөгжлийн банкны хэрэг"-т холбогдон анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонсоод байгаа юм. Иймээс Архангай аймгийн иргэдийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ганцаараа парламентад төлөөлж байгаа гэж хэлж болно.