Драмын театрын урд талын автомашины зогсоолыг татан буулгаж, улсын төсвийн 900 сая төгрөгөөр цэцгийн мандал бүхий талбайг байгуулсан юм. Тухайн үедээ дуулиан шуугиантай эхэлсэн энэ ажил иргэдийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч төд удалгүй нураасан. Ийнхүү нэг нурааж, нэг босгосоор ямартай ч одооны талбайг бариад байгаа.
ВИДЕО:
Улсын драмын эрдмийн театрын урд талын автомашины зогсоолыг өөрчилж цэцгийн мандал барих шийдвэрийг өнгөрөгч тавдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан байдаг. Уг ажлыг хувийн аж ахуйн нэгж гүйцэтгээгүй бөгөөд Улаанбаатар зам засварын газрын ажилчид өөрсдөө ажилласан.
Гол асуудал бол энэ талбайг тохижуулахдаа гөлгөр гадаргуутай хавтангаар хийсэн байгаа нь цас орж халтиргаа гулгаа үүссэн энэ үед иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байна. Гэвч явган хүний зам, талбайг чулуу болон гөлгөр хавтангаар хийхэд тавигддаг стандарт, шаардлага Монголд байхгүй учраас гөлгөр хавтангаар хийлээ гээд тухайн байгууллагад хариуцлага тооцохгүй. Үүний хохирогч нь иргэд л болоод үлдэнэ гэсэн үг. Энэ талбайг улсын төсвийн 900 сая төгрөгөөр хийсэн. Гэвч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдгийн үлгэр болж драмын театрынхан зогсоолгүй болж, дээрээс нь нэмээд өвлийн улиралд гулгах нэг гулсууртай л болов.
Бас нэг асуудал бол Д.Сумьяабазар даргын үед хотын төв бүсэд тэр тусмаа улсын драмын театрын урд авто машины зогсоол байх нь нийслэлийн өнгө үзэмжид зохимжгүй гээд уг талбай өөрчилсөн. Гэтэл шинэхэн хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн түгжрэлийг бууруулахын тулд хотын төв бүс болох баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэлх замыг төлбөртэй бүс болгоно хэмээн хууль санаачлан, УИХ-аар хэлэлцүүлж буй. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхдээ хотын төв бүсэд авто замын зогсоолуудыг байгуулж иргэдийг ажил болон гэр лүүгээ алхах нөхцөлийг бүрдүүлнэ гэж хэлсэн. Энэ нь нийслэл хотын төв бүсэд авто машины зогсоол байх нь хотын өнгө үзэмжид зохимжгүй гэсэн Д.Сумъяабазарын шийдвэртэй зөрчилдөж эхлэв.
Гэвч гол асуудал бол халтиргаа. Дарга нар маань өвлийн улирал ирнэ гэдгийг тооцсонгүй юу? Улсын төсвийн 900 сая төгрөгийн үнэтэйн гөлгөр гадаргуутай чулууны үнийг иргэд эрүүл мэндээрээ төлөх вий гэсэн болгоомжлолын үүднээс энэхүү нийтлэлийг хүргэлээ.