Улсын гуравдугаар төв эмнэлэг анх 2011 онд эхэлж байсан тархины харвалт, зүрхний шигдээсний төслийн арван жилийн үр дүнг өнөөдөр /2023.11.10/ хэлэлцэж байна. Энэ талаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир мэдээлэв.
Тэрбээр, "Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалтын тасаг зүрхний шидээсний тасгуудтай холбоотой оношилгоо, сэргээн засалт, яаралтай тусламж, хяналтын болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа цогц хэрэгжсэн. Сүүлийн арван жил олон улсын стандартад нийцсэн тархины харвалт, зүрхний шигдээс өвчний төрөлжсөн эмчилгээг хийсэн үр дүнтэй он жилүүд өнгөрлөө. Өмнө нь ОХУ-ын хуучин тогтолцооны дагуу тархины харвалтыг мэдрэлийн тасагт, зүрхний шигдээсийг дотрын тасагт эмчилдэг байсан бол 2011 оноос эхлэн тархины харвалт, зүрхний шигдээсний бие даасан тасгийг нээн ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд маш олон хүмүүсийг эрт оношилж цаг зуурын нас баралтаас сэргийлж чадсан" гэв.