ВИДЕО: Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд ногоон бизнесийг дэмжин хөгжүүлэх 50 гаруй ААН, байгууллага оролцлоо

ВИДЕО: Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганд ногоон бизнесийг дэмжин хөгжүүлэх 50 гаруй ААН, байгууллага оролцлоо

Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган “Ногоон Бизнес-Тогтвортой Хөгжил” уриан дор "Ногоон бизнес загварыг хөгжүүлэх боломж, туршлага" сэдвийн хүрээнд өнөөдөр /2023.11.30/ болж өндөрлөлөө.

ВИДЕО:

Ес дөх жилдээ болж буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулганыг гарааны бизнесийн таатай системийг бүрдүүлэх, эко системийг бүрдүүлэх, төр хувийн хэвшил, их дээд сургууль, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон инновац шингэсэн гарааны бизнес бий болгож, ажлыг байрыг бий болгох зорилтын хүрээнд хүрээлэн байгаа байгаль орчиндоо ээлтэй байж, ногоон бизнесийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Улмаар ногоон бизнест тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэж, үр дүнтэй шийдвэр гаргаж, хөгжүүлэх, боломжийг тодорхойлох хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд түшиглэн асуудлыг нээлттэй хэлэлцэв.

Энэ удаагийн чуулганд урилгаар БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Ойн газар, ХХААХҮЯ-ны хөнгөн үйлдвэрийн газар, Эрчим хүчний зохицуулах хороо зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Мөн ШУТИС, ХААИС, Мандах их сургууль, Шихихутга их сургууль, Глобал удирдагчид дээд сургууль болон бусад их дээд сургуулиудын болон ногоон бизнесийг дэмжин хөгжүүлэх 50 гаруй ААН, байгууллагууд оролцлоо.

Чуулганыг нээж МУ-ын Ардын багш ШУ-ы доктор, профессор, МУИС-ийн захирал Д.Бадарч үг хэллээ. Үүний дараа чуулганы төлөөлөгчид илтгэл танилцуулж, гарааны бизнесийн хэрхэн эхлэх, цаашлаад чуулганы үр дүнд бодлого боловсруулагч нарт ямар үр дүнг хүргэж, шийдвэрлүүлэх чиглэлээр мэдээлэл өгч судалгааны ажлуудтай танилцсанаар хэлэлцүүлэг өрнөв.

Түүнчлэн гарааны оюутан залуус гарааны бизнесээ танилцуулж, холбогдох мэргэжилтнүүд дэмжлэг үзүүлж, төслийн хөгжүүлэх нэмэлт зөвлөгөөг өглөө. Гарааны бизнесийн төслүүдээс онцлон дурдвал,

  • Малын хаягдал арьснаас гаргаж авсан бордооны чийгийг удаан барих зориулалттай төсөл,
  • Монгол Улсын их сургуулийн оюутнууд 10-15 минут халааж 12 цаг дулаанаа алдалгүй монгол гэрийг халаах төсөл гэхчлэн олон сонирхолтой төслүүд оролцсон юм. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлаагаар 2014 оноос тасралтгүй зохион байгуулж буй Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган нь Монгол Улсад энтрепренерийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренерийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, төр хувийн хэвшил, их дээд сургуулиудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэн жил бүр хүрээгээ тэлж, оюутан залууст шинэ боломжуудыг нээж өгч, зорилтоо бодлого боловсруулагчдад хүргэж байгаа билээ.

Ийнхүү Монгол Улс дах ногоон бизнесийн санхүүжилтийн боломжууд, ногоон санхүүжилт олж авах, хууль эрх зүйн хүрээнд тулгарч буй бэрхшээл, тогтвортой ногоон бизнесийг  хөгжүүлэх боломж, стратеги  тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэж, үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэх зорилгын хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.