Оросууд Эрмитажийн музейд хадгалагдаж буй "Хүннү гүрний үед холбогдох манай дурсгалууд"-ыг өгөхөөс цааргалзжээ

Оросууд Эрмитажийн музейд хадгалагдаж буй "Хүннү гүрний үед холбогдох манай дурсгалууд"-ыг өгөхөөс цааргалзжээ

Манай улс ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдаж буй Хүннү гүрний үед холбогдох дурсгалуудаа буцаан авах хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тодруулбал, 100 жилийн тэртээд Зөвлөлт Холбоот Улсын эрдэмтэн судлаачид Сэлэнгэ аймгийн нутагт орших Ноён ууланд ХХ-р зууны анхны археологийн малтлага судалгааг хийж байж.

Тэрхүү археологийн олдвор нь Хүннү гүрний үед холбогдох дурсгалууд болохыг олж тогтоосон бөгөөд тухайн үеийн Монгол Улсын Шинжлэх ухааны ууган байгууллага болох Судар бичгийн хүрээлэнтэй албан ёсоор гэрээ байгуулаад авч явж байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл, буцааж өгөх нөхцөлтэйгөөр манай улсын үзмэрүүдийг авч явсан ч буцаан өгөлгүй олон жилийг өнгөрөөсөн гэж албаны эх сурвалжууд хэлж байгаа юм. Өдгөө эдгээр үнэт олдвор нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хадгалагддаг.

Тэгвэл Монгол Улс дэлхийн стандартад нийцсэн судлан шинжлэх лаборатори, хадгалан хамгаалах музейтэй болсон. Буцаж ирэх нөхцөл заасан гэрээ ёсны дагуу Ноён уулнаас олдсон үнэт олдворуудаа улсдаа буцаан авах хүсэлтэй байгаагаа Соёлын сайд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Ноён уул 100 жилийн туршид” эрдэм шинжилгээний хурлын үеэр илэрхийлсэн байдаг. 

Тэрбээр “Тухайн үеийн Монгол Улсын төрөөс өөрийн хууль эрхзүйн хүрээнд буцаж ирэх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан эдгээр дурсгалыг Козловт өгч явуулсан. Тус малтлага судалгааны үр дүнд асар баялаг түүхийн олдворууд илэрч олдсон ч тухайн цаг үедээ тэдгээрийг сэргээн засварлах, тухайн үеийн нэртэй эрдэмтэн судлаачид шинжлэх зорилгоор, түр хугацаагаар судлахаар гэрээ байгуулан энд авчирсныг бид бүхэн сайн мэдэж байгаа. Мэдээж энэхүү дурсгалыг сэргээн засварлах, судлан шинжлэх ажлыг Оросын эрдэмтэн судлаачид сайн хийсэн бөгөөд харин өнөөдөр бид Монгол Улсад орчин үеийн шаардлага хангасан музейтэй болж, монгол ард түмэн өөрийн түүх соёлын гайхамшигт дурсгалаа эзэмшиж, дэлхий дахинаа сурталчилж дахин судлах зорилгоор бид эдгээр дурсгалыг анх авчирсан гэрээ ёсоор буцаан авах хүсэлтэй байна. Ноён уулын дурсгалыг бидний өвөг дээдэс үеийн үед тахин шүтэж, ариун дагшин байдлыг хадгалж хамгаалж ирсэн. Бид өвөг дээдсийнхээ түүхийг илэрхийлсэн дурсгалуудыг Монгол нутагтаа залж, ард иргэдийнхээ олон жилийн хүсэл зорилтыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар та бүхэнтэй хамтран ажиллахад ямагт бэлэн байхаас гадна Монголын түүх соёлын судалгаанд гаргаж буй агуу их хөдөлмөрийг тань үргэлж талархал илэрхийлэн хүлээж авах болно” гэсэн.

Энэ дагуу Соёлын сайд Ч.Номингийн дээр илэрхийлсэн хүсэлтийг ажил хэрэг болгохоор манай талаас идэвхийлэн ажиллаж байгаа аж. Харин ОХУ-ын хариу өгөлгүй удах, “Өгнө, өгөхгүй” тухай тодорхой хариулт хэлэхээс татгалзсаар өнөөдрийг хүргэсэн байна. Соёлын яамны Өвийн газар хариуцан Эрмитажаас өөрсдийн үзмэрийг авах ажлыг хөөцөлдөж буй бөгөөд хоёр талаас ажлын хэсэг гарган байгуулсан гэрээг судлахаар болжээ. Гэрээг судалж дууссаны дараа дурсгалуудыг авах, өгөх ямар зохион байгуулалттайгаар хүлээлцэх асуудал тодорхой болох нь. Эл ажилд Соёлын яам ажлын хэсэг гарган ажиллаж буй ч ОХУ-аас хамаарсан удаашралтай байгаа талаар эх сурвалж мэдээлэв.