ЭМЯ: Галд 18 том хүн, гурван хүүхэд өртөж, эмнэлэгт ирсэн

ЭМЯ: Галд 18 том хүн, гурван хүүхэд өртөж, эмнэлэгт ирсэн

Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт гарсан галын улмаас иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга А.Өнөржаргал: “Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр дэх галд өртсөн 207-р байранд 56 айлд 178 иргэн оршин суудаг гэсэн мэдээлэл авсан.

Урд шөнийн байдлаар:

  • ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэгдлийн төвд 14 иргэн
  • Цэргийн төв эмнэлэгт хоёр
  • Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хоёр
  • ЭХЭМҮТ-д 3 хүүхэд ирж, тусламж үйлчилгээ авсан.

ГССҮТ-ийн салбар эмнэлэгт ирсэн 14 хүний дөрөв нь тусламж үйлчилгээ аваад буцсан. Тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эрчимтийн тасагт хэвтэн буй хүмүүсийн бие нэлээд хүнд, 3-4-р зэргийн түлэгдэлтэй, бүгдэд нь яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, судсаар нь шингэн нөхөх эмчилгээ хийж байна. Ийм ослын үед айж сандарч, цочирддог тул СЭМҮТ-өөс сэтгэл зүйн тусламж үзүүлэх баг гараад ажиллаж байна. Одоогоор тасарсан эм тариа, хүний нөөцийн дутагдалгүй, эрүүл мэндийн байгуулагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Купр зочид буудалд 48 иргэнийг байршуулсан. Тэнд мөн СЭМҮТ-ийн эмч нар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах бүхий л арга хэмжээг авч ажиллах чиглэл өгсөн байгаа” гэлээ.