ГССҮТ: Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

ГССҮТ: Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан гурван хүн амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. Мөн түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт 1, Эх хүүхдийн үндэсний төвд 3 хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Цаашлаад ойр орчмын байрууд галд өртөж, 30 орчим машин шатсан талаар мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн. 

Гэмтсэн хүмүүсийн талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.МӨНГӨН: Түлэнхийн төв дээр 14 хүн хүргэгдэж ирснээс таван хүн эрчимт эмчилгээний тасагт, мөн таван хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түлэгдэж ирсэн иргэд гал гарсан бүсийн яг хаана явж байгаад түлэгдсэнийг одоогоор тогтоогүй.

Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй. Түлэнхийн төв дээр ирсэн иргэдийн ихэнх нь 103-ын яаралтай тусламжаар ирсэн. Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба 19-50 гаруй насны хүмүүс. Бага насны хүүхэд байхгүй. ГССҮТ-ийн салбар эмнэлэг түлэгдэлтийн цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмч мэргэжилтэн, тоног төхөөрөмж хангалттай байгаа. Галын дуудлага ирсэн мэдээллийн дагуу шөнө эмч нар дуудагдаж ирж яаралтай тусламж үзүүлж байна. Түлэгдэлтийн зэрэг, биеийн байдлаас хамаарч хэдий хугацаанд эмчилгээ хийлгэх нь тодорхой болно.

Галд өртөж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст одоогоор биеийн байдлын ерөнхий үзүүлэлтийг танилцуулсан. Шаардлагатай мэс засал, боолт хийж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэлээ.

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ