Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24 /өдрийн 01 цагийн орчимд "Дашваанжил"-ын газ тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой ослын улмаас өдгөө түлэнхийн төвд 10 иргэн, Цэргийн төв эмнэлгийн хордлогын төвд нэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа 10 иргэний зургаа нь эрчимт эмчилгээний, дөрөв нь энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тодотговол, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй иргэд 80-90 хувийн түлэгдэлттэй биеийн байдал нь маш хүнд байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн. Харин өнөөдөр цахим сүлжээнд "Биеийн байдал нь хүнд байгаа иргэдийг гаднын улс орон руу тээвэрлэж, эмчлүүлэхээр болсон" гэх мэдээлэл гараад байгаа юм. Тиймээс бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор өвчтөнүүдийг тээвэрлэх ямар ч боломж байхгүй. Ийм асуудал яригдаагүй. Эмнэлгийн байгууллага өвчтөнүүдийнхээ амин үзүүлэлтийг тогтворжуулах эмчилгээг эрчимтэй хийж байна. Цахим сүлжээнд элдэв мэдээлэл цацагдах нь өвчтөний ар гэрт хүнд тусаж байгаа гэдгийг ойлгоорой" гэлээ.
ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төв эмнэлэг галын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ар гэр, сахиурт тусгай өрөө гаргах зэрэг дотоод зохион байгуулалтын ажлыг хийж ажиллаж байгаа аж. Мөн өвчтөний талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь хоёр цаг тутамд өгч байгаа юм байна.