Сурагчид нь хичээлдээ гадуур хувцастайгаа сууж буй "Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль"-д их засвар хийхээр болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ

Сурагчид нь хичээлдээ гадуур хувцастайгаа сууж буй "Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль"-д их засвар хийхээр болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ

Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр тусгай хэрэгцээт сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа иж бүрэн засвар хийгдээгүй байна.  Тус сургууль ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй зэргээс шалтгаалж, багш сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа юм.

Иймд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ) болон НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) хамтран хэрэгжүүлж буй жишиг сургууль, цэцэрлэг байгуулах ажлын хүрээнд 29 дүгээр сургуулийг иж бүрэн засварлахаар болсныг нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа. 

29 дүгээр сургуульд иж бүрэн засвар хийхэд урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарчээ. 

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөлөл тус сургууль дээр ажилласан юм. Энэ үеэрээ засварыг гүйцэтгэгчийн тендерийг яаралтай зарлаж, ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө засварыг гүйцэтгэж, бэлэн болгосон байхыг хичээх шаардлагатай гэж тэрбээр онцолж байв. Хотын дарга Х.Нямбаатар, "29 дүгээр тусгай хэрэгцээт сургуульд 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 263 хүүхэд суралцаж байна. Энэ сургууль их сэрүүн, ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй байгаа тул иж бүрэн засвар хийхээр төлөвлөсөн. 

2024 онд нийслэлээс голлон анхаарах зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. 2010 оноос төлөвлөлт муутай баригдсан орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Тухайлбал Баянгол дүүргийн  Голден парк, Алтай хотхон, Нарны хороолол, Хан-Уул дүүрэгт Ривер гарден, Хүннү, Шинэ яармаг гэх мэтчилэн орон сууцны том хороолол баригдсан хэр нь сургууль цэцэрлэг төлөвлөгдөөгүй байна. Үүнийг эхнээс нь цэгцэлж шийднэ. Цаашид шат дараатайгаар улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Жишээлбэл Алтай хотхонд нэг га газарт 960 хүүхдийн сургууль, Голден паркийн хажууд мөн 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос салбарласан 36 дугаар хороонд сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн Кинг тауэр хороололд газар чөлөөлж сургуулийн барилга барихаар төлөвлөж байна" гэлээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ