Хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим бий болж анхны хичээлээ эхлүүллээ

Хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхим бий болж анхны хичээлээ эхлүүллээ

Дэлхийн дахинд 2002 оноос “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжиж төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж эхэлсэн байна.

2017 оноос ЭХЭМҮТөвөөс тус өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан “Сургалтын танхим”-ыг ашиглалтад оруулж, анхны хичээлийн шинэ жилээ эхлүүллээ.

Хавдраар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээний явц удаан байдаг тул хичээлээс завсардах, хоцрогдох, үүнээс үүдэн гадуурхалд өртөх явдал цөөнгүй гардаг тул БГД-ын Насан туршийн боловсролын төвтэй хамтран хүүхдүүдэд хичээл заахаар болсон талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Б.Батдулам энэ үеэр онцоллоо. Монгол хэл, математик, англи хэл, дуу хөгжим, дүрслэх урлаг гэх мэт хичээлүүдийг үзэх боломжтой юм бөгөөд сургуулийн өмнөх боловсролоос эхлэн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч хүртэл манай сургалтын төвөөр үйлчлүүлэх боломжтой. Хавдрын оноштой хүүхдүүдийн дархлаа сул байдаг учраас халдварт өртөмтгий болдог байна.