Малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр 318 резидент эмчийг орон нутаг руу илгээж байна

Малчдад эрүүл мэндийн тусламж үзүүлэхээр 318 резидент эмчийг орон нутаг руу илгээж байна

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тушаал гаргаж, ЭМЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад суралцаж байгаа резидент эмч нарыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд харьяа орон нутагт нь ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд 21 аймгийн 266 суманд зудын байдалтай байгаа бөгөөд зудтай газруудад амьдарч буй малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутагдаж байгаа тул резидент эмч нарыг харьяа аймгуудад нь ажиллуулахаар болжээ.

Орон нутагт ажиллах резидент эмч нарын судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан бөгөөд судалгаагаар 20 гаруй үндсэн мэргэшлийн 318 резидент зудтай аймаг, сумдад ажиллах бөгөөд тэднийг ажиллах хугацаанд үндсэн цалин, Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэлх замын зардал болон томилолтын мөнгийг нэмэлтээр тооцож өгөхөөр шийдвэрлэсэн байна.