Э.Амаржаргал: “Тусгай салаа” кинонд тоглосны дараа гудамжаар явахад хүмүүс “Сүлд чамайг тоохгүй шүү дээ” гээд орилдог байсан /ВИДЕО/

Э.Амаржаргал: “Тусгай салаа” кинонд тоглосны дараа гудамжаар явахад хүмүүс “Сүлд чамайг тоохгүй шүү дээ” гээд орилдог байсан /ВИДЕО/

2010 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизээр “Тусгай салаа” гэх зэвсэгт хүчний салбарынхны талаарх сэдэвтэй кино гарч, тухайн үед Монголчуудыг байлдан дагуулж байлаа. Цэргийн амьдрал, түүний сайхан муухайг харуулах энэ кино гараад даруй 14 жил өнгөрчээ. “Тусгай салаа” кино гарсны дараа цэрэгт татагдаж буй шинэ цэргийн тоо ч эрс нэмэгдэж байсан гэдэг. Энэ кинонд тоглож байсан мундаг жүжигчдийг үзэгч олон одоо ч мартаагүй биз ээ. Тэгвэл бид энэ удаа тус киноны эсрэг талын дүр болох Анужингийн дүрд тоглосон Э.Амаржаргалтай ярилцлаа.

ВИДЕО:

Э.Амаржаргал одоогоор Батлан хамгаалах салбарын зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” редакцийн “Дуулга” студид сурвалжлагчаар ажиллаж байгаа бөгөөд ахлах дэслэгч цолтой. Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийг утга зохиол судлал, сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд тасралтгүй 9 жил “Дуулга” студид ажиллаж байгаа гэнэ. Батлан хамгаалах салбарын ажил мэдээж хүнд. Эмээгтэйчүүд байтугай эрчүүд ажиллахад амаргүй. Амаргүй энэ ажилд орох болсон талаар болон “Тусгай салаа” кинонд тоглож байсан үеийнх нь талаар түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ.

- Залуу хүний хувьд өөр салбарт ажиллах боломж мэдээж байсан л байх. Батлан хамгаалахын салбарыг яагаад сонгож орох болов?

- Яагаад цэргийн хүн болсон талаар өөрөөсөө ч их олон удаа асууж байлаа. Залуу хүний хувьд өөр салбарт ажиллах боломж байсан. Ер нь анхнаасаа цэргийн хүн болох миний хувь тавилан байсан юм болов уу гэж боддог. Армид орсон эхлэл нь манай аав, ээж, эгчтэй холбоотой. Анх гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцсөний үндсэн дээр л "Дуулга" студид орж байсан. Миний хувьд энгийн сургууль төгсөөд цэргийн хүн болчихсон. Би чинь үндсэн цэргийн мэргэжлийн хүн биш шүү дээ. Үнэхээр энэ салбарт хайртай тулдаа л ажилладаг болов уу гэж боддог. Сайхан тал мэдээж маш олон байгаа. Эсрэгээрээ хэцүү зүйл гэвэл эмэгтэй хүн цэргийн салбарт ажиллахад их тэвчээртэй байх ёстой.

Олон улсын хамтарсан хээрийн сургууль, байлдааны томоохон бэлтгэлийг сурвалжлах багт ороод ажилладаг. Хээрийн сургууль нэг сарын хугацаатай байсан гэж бодоход эхнээс нь дуустал нь цуг байрлана.

Эмэгтэй гээд, цэргийн гээд тусад давамгай эрх олгохгүй. Мөрдөс зүүсэн л бол дүрмийн дагуу байна. Энэ нь эхлээд жаахан шантрах үндэслэл болж байсан. Эхний хоёр жил армид ороод нэлээн шантарч байсан. Тэр бүхний ард манай аав ээж хоёр бат найдвартай зогсож байсан учраас л өнөөдрийг хүртэл ажиллаад ажиллаж байна. Одоо бол шантрах зүйл байхгүй. Ажилдаа бүр илүү дурладаг даа.

- Өөрийг тань “Тусгай салаа” киногоор нь үзэгчид сайн мэдэх байх. Энэ кинонд анх яаж сонгогдож, тоглох болсон талаараа ярихгүй юу?

- Би 10 жилд байхдаа жүжигчин болно гээд шийдчихсэн байсан. Олон киноны пробонд ордог хүүхэд байлаа. Сүүлд нэг киноны пробонд ороод тэнцээгүй юм. Тэр үед сэтгэлээр унаад бараг гурван хоног хоол ч идээгүй. Тэр үед л би заавал жүжигчин болно гээд шийдчихсэн байсан. Гэхдээ би өөрөө айлын ганц хүүхэд. Аав маань намайг жүжигчин болгохгүй гээд бат шийдчихсэн. Тэгээд л МУИС-д орсон доо. Сургуульдаа суралцаж байх хугацаанд МҮОНРТ-ээр "кинонд тоглох сонирхолтой хүүхдүүдийг сонгон шалгаруултад урьж байна" гэсэн зар хараад шууд очоод пробонд орсон. Ингээд 800 гаруй хүмүүсийн дунд нэг сарын хугацаанд сонгон шалгаруулалт явуулаад Анужин гэх эсрэг дүрийн охины дүрд тоглохоор болсон. Тэр кинонд тоглож байсан цаг үе бол миний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үеийн нэг.

- Аав нь яагаад жүжигчин болохыг нь эсэргүүцдэг байсан юм бол?

- Би өөрөө айлын ганц хүүхэд. Манай өвөө эмч байсан учраас аав маань намайг багаас л эмч болгоно гээд бодчихсон байсан юм шиг байгаа юм. Манай нэг үеэл эгч жүжигчин байсан. Тэр эгчийгээ хараад л ямар хөөрхөн, ямар гоё юм бэ гэж боддог байсан. Тэр үед хүүхдийн сэтгэлээр жүжигчин болно гээд их л бодлогоггүй явж байсан. Гэхдээ одоо энэ чиглэл рүү орсондоо харамсдаггүй. Харин ч "Дуулга" студид ажилладагаараа өөрөөрөө бахархдаг даа.

- Тухайн үед “Тусгай салаа” кинонд эсрэг дүрд тоглосон шүү дээ. Хүмүүсээс нэлээн үзэн ядалт авсан байх тийм үү? Хүмүүс ер нь ямар сэтгэгдэл илэрхийлдэг байсан бэ?

- Ер нь кинонд тоглоно гээд хүүхдийн дэвэргэн сэтгэлээрээ л очоод тоглосон байгаа юм л даа. Гэхдээ “Тусгай салаа” киног тухайн үеийн ард түмэнд тэгж их хүрнэ гэж төсөөлөөгүй байсан. Кино гараад эхний 10 анги  гарсны дараа л гудамжаар явахад хүмүүс нэлээн таниад, хажуугаар зөрөхдөө ярьдаг байсан. Тухайн үед хүүхэд байсан учраас тэр мэдрэмж нь их гоё санагддаг байлаа. Тэр дүрээр маань л намайг хүлээгээд авчихсан зүйл олон тохиолддог.

- Аав ээж нь өөрийг чинь жүжигчин болгох дургүй байсан гэсэн шүү дээ. Тухайн үед “Тугай салаа” кинонд тоглоно гэдгийг нь сонсоод яаж хүлээж авсан бэ?

- Тусгай салаа” киноны дүрийн сонгон шалгаруулалт цэргийн баярын дараа болсон. Тэр үед зураг авалт яг хаврын цэрэг татлагаас эхэлсэн. Миний дүр энгийн дүр байсан учраас зургаадугаар сараас эхэлсэн юм.

Би өөрөө оюутан хүүхэд байсан тул бүх хичээл дууссаны дараа зураг авалтаа эхэлсэн. Зуны амралтын хугацаанд зураг авалт хийсэн учраас аав ээж маань их дэмжсэн.

Тухайн үед миний дүр хэдий энгийн дүр байсан ч гэсэн мэргэжлийн жүжигчидтэй зэвсэгт хүчний 013 дугаар ангид гурван сарын хугацаанд байрлуулсан. Анх цэргийн амьдрал огт мэддэггүй байсан. Бараг цэрэг гэдэг үгээ ч ойлгохооргүй жаахан хүүхэд байж байгаад тэнд гурван сар цэргийн амьдралтай танилцана гэдэг маш гоё санагдаж байсан. Кинонд 2010 онд тоглоод 2015 онд армид орсон. Анх “Тусгай салаа” кинонд тоглосон цэргийн, армийн гоё сайхан төсөөллөөрөө дараа нь "Дуулга" студид ороход их сайхан байсан. Нэг тийм өөрийн юм шиг мэдрэмж төрж байсан даа.

- Дуулга студид орсон нь тухайн үед цэргийн холбогдолтой кинонд тоглож байсан нь нөлөөлсөн болов уу?

Тэр бол огт нөлөөлөөгүй. Миний л хувь тавилан байсан гэж боддог. “Чи цэргийн кинонд тоглосон учраас манай армид ор” гэсэн санал огт ирээгүй. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад орж байсан.

- "Тусгай салаа" кинонд эсрэг талын дүр бүтээж байсан шүү дээ. Тухайн үед өөрөө оюутан байсан. Хүмүүс өөрийг чинь яг дүрээр нь хүлээж аваад хэлсэн янз бүрийн сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авдаг байсан бэ?

- Ер нь миний харагдах байдал их хурц гэж хүмүүс ярьдаг. Хамтдаа үг сольж үзээгүй хүмүүс их зантай ч юм уу гэж хардаг юм шиг байгаа юм. Тэгээд харилцаад үзсэнийхээ дараа чи чинь ер нь их нээлттэй юм байна шүү дээ гэдэг. Тусгай салаа кинонд тоглох үед хүмүүс намайг угаасаа тийм ааштай л гэж боддог байсан юм шиг байгаа юм. Хүмүүс “Сүлд чамайг тоохгүй шүү дээ. Чи яах гэж араас нь гүйгээд байдаг юм” гэх мэт үеийг гудамжаар явахад үеийн залуус хэлдэг байсан. Гэхдээ тэр өөрөө кино учраас надад огт хэцүү байгаагүй. Харин ч сайхан сангддаг байсан. Миний чадан ялан тоглосон дүр маань тодорхой хэмжээнд залууст хүрсэн нь л гол нь чухал шүү дээ. Би чинь мэргжлийн бус байсан ч байгаад мэргэжлийн хүмүүстэй хамт кинонд тоглох боломж олдоно гэдэг их олзуурхууштай зүйл л дээ.

- Түүнээс хойш кинонд тоглосон уу?

- 2015 онд армид орсноос хойш хоёр киононы санал ирсэн. Дөнгөж төрийн тусгай албанд орсон байсан. Дээрээс нь ажлаасаа тэгж олон хоногоор чөлөө авах боломжгүй учраас уучлаарай боломжгүй гэдэг хариуг өгсөн.

- Та бүхний баяр өнгөрсөн нэг дэх өдөр болж өнгөрлөө. Нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

- Батлан хамгаалах салбар зэвсэгт хүчин гэх их айлд ес дэх жилдээ ажиллаж байна. Энэ салбараасаа маш олон зүйл сурсан. Энэ салбар өөрөө хүнийг их хариуцлагатай болгодог. Угаасаа хариуцлагатай байж л энэ салбарт оршин тогтноно. Бидний хувьд цаг наргүй ажилладаг л даа. Хаана л томоохон хээрийн сургууль, үйл ажиллагаа явна тэнд л дуулга студи, соёмбо сонин камераа барьчихсан, цаг нартай уралдаад л явж байдаг. Алдсан оносон амьдралын минь ард мэдээж гэр бүл маань байдаг. Түүнтэй зэрэгцээд миний хамт олон оршдог. Тийм болохоор хамт олондоо маш их хайртай шүү. Та бүхэндээ амжилт хүсье.

- Ярилцсан танд баярлалаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

49 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

50 минутын өмнө