Л.Гантөмөр: Монголчууд хөгжил дэвшлийн төлөө шүдээ зуугаад босож буйг харах сайхан байна

Л.Гантөмөр: Монголчууд хөгжил дэвшлийн төлөө шүдээ зуугаад босож буйг харах сайхан байна

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Говь-Алтай аймагт ажиллаж, сонгогчидтой уулзав. Тэрбээр “Говь-Алтайчууд та бүхэндээ, ардчиллыг дэмжиж энд цугларсан мянга мянган эх орончид, эрх чөлөөний үзэл санааг тээгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ардчилал, хүний эрхийн төлөө, шударга ёсны төлөө, Монголын хөгжил дэвшлийн төлөө явдаг улс төрийн хүчин, яг нэр шигээ Ардчилсан намыг төлөөлж, 210 мянган гишүүнийг төлөөлж энд цугларсан ардчиллын төлөөх алтайчууд та бүхэндээ талархал илэрхийлье. Өчигдөр би Баян-Өлгий, Ховд аймагт ажиллалаа. Монгол баруун талаасаа цэнхэртэж байгааг уулзалт бүрээсээ мэдэрч байна. Монголчууд хөгжил дэвшлийн төлөө шүдээ зуугаад босож байгааг харах сайхан байна.

8 жил сөрөг хүчингүй эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн. Монголын ард түмэн МАН-д ажил хийх үүрэг өгч, 100 хувь шахам сонгосон. Харамсалтай нь өнөөдөр нөхцөл байдал яг ямар байгаа билээ. Үүнд дүн тавих сонгууль ирсэн байна. 2016 онд монголчуудын нэрлэж байсан 10 асуудал яг хэвээрээ, зарим нь бүр дордсон байна. Ядуурал, ажилгүйдэл, авлига, хүнд суртал, арын хаалга үгүй болсон уу. Боловсрол, эрүүл мэндийн салбар боссон уу. Аль нь ч шийдэгдээгүй, зарим нь бүр дордсон учраас эрх баригчид зүгээр л улс төржих, мөнгө тараасан сонгууль хийж байна. Худлаа амалж, хөдөө аж ахуйн салбарыг сүйтгэж эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар бид асуудлаа шийддэг төртэй болох уу, үгүй юү гэдгээ хэдхэн хоногийн дараа шийднэ.

Бид асуудлыг шийдэх хөтөлбөр боловсруулсан. Бид улс орноо хэд тойрч, 300 мянган хүнээс санал авч “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан. Энэ чигээрээ цалин, тэтгэвэр нь амьдралд нь хүрдэггүй, өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг хэвээрээ цааш явах юм бол монголчуудын эрх чөлөө алдагдаж, дарангуйлал руу өдрөөс өдөрт гулсаж байна. Цэргийн дэглэмд хүртэл санаархаж эхэллээ.

Бидний төлөвлөгөөг гаргаж ирэхэд энд байгаа 10 нэр дэвшигч, миний харж байгаагаар УИХ-ын 10 гишүүний үүрэг оролцоо асар их байсан. Бидний хийх ажил хамгийн түрүүнд Монгол хүнийг хүчирхэг болгоход чиглэж байгаа. Боловсролтой, эрүүл саруул, ажлын байртай, орлоготой, зорилготой, мөрөөдөлтэй, хүчирхэг иргэдтэй болсон цагт Монголын төр хүчирхэг болно. “Эрчимт хөгжлийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, ажил хийх дөрвөн жилийг л бидэнд өгөөч гэж бид та бүхнээс хүсэж байна. Та бүхэн минь ардчиллын 10 нэр дэвшигчийг багаар нь дэмжээрэй” гэв.