Б.Алтанчимэг: Холимог тулаанаар улсдаа аваргалж, ДАШТ-д явахаар болсон тул зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж байна /ВИДЕО/

Б.Алтанчимэг: Холимог тулаанаар улсдаа аваргалж, ДАШТ-д явахаар болсон тул зардлаа олохоор блокны үйлдвэрт ажиллаж байна /ВИДЕО/

"Өмнө нь Улсын аварга болж, Дэлхийн аваргад явах эрх авч байсан ч зардалгүйн улмаас явж чадаагүй. Харин энэ удаа дахин Холимог тулаанаар улсдаа аваргалж, Азийн аварга болон Дэлхийн аваргад оролцох эрхээ олж авсан. Тиймээс шалтаг хэлж хойш суулгүй яваад үзье, өөрийгөө сорьё гэж шийдээд тэмцээний зардлаа олохоор зуны амралтаараа блокны үйлдвэрт ажиллаж байна.

Дэлхийн аварга ирэх аравдугаар сард болно. Тэмцээний нийт зардал 7 сая 900 мянган төгрөг. Угаагч, худалдагч, цэвэрлэгчээс эхлээд би олон ажил хийж байсан. Одоо бол блокны үйлдвэрт ажиллаж байгаа. Эндхийн ажил хүнд ч гэсэн хүмүүс нь сайхан ааштай. Өдөрт 60-80 мянган төгрөгийн цалин авдаг. Хэрэв сайн ажиллавал 80 мянга гэсэн үг. Хөл өвдөөд ажлаа хийж чадахгүй түр суух үед ажлын ах нар түр “миний дүү түр амар, хоолоо идээд ир” гээд ажлыг маань хийж тусалдаг. Тоос шороотой үйлдвэрт хүнд ажил хийх охин хүүхдэд тохирохгүй ажлаа соль гэх хүмүүс их байдаг. Гэхдээ надад энэ ажил маань яг тохирдог. Хөдөлгөөнтэй учир бэлтгэл болдог. Өглөө 8:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл ажилладаг учир тараад 18:30 цагаас бэлтгэлдээ явахад яг таардаг” хэмээн ярих охиныг Б.Алтанчимэг гэдэг. Тэр одоо 19 настай. Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал, Эрхзүйн ангийн хоёрдугаар курсийн оюутан. Мөн тэрбээр жюү жицү, бокс, таеквондогийн спортоор хичээллэж, улсын олон чанартай тэмцээн уралдаан томоохон амжилтуудыг гаргажээ.

ВИДЕО:

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард болсон насанд хүрэгчдийн Холимог тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүрн байр эзэлсэн байна. Улмаар Азийн аварга, Дэлхийн цомын аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад буй. Тиймээс тэмцээний зардлаа олохоор оюутны зуны амралтаараа блокны үйлдвэрт ажиллах болжээ. Гэвч түүний ажлын цалин тэмцээний зардлын гурваны нэгийг бүрдүүлэх аж. Иймд өнгөрсөн 2023 оны аравдугаар сарын 27-нд “Falcons Fighting Series”-д тулалдаж ялсан ялалтыг нь мялааж реппер Limit King буюу Б.Эрхэмбаярын бэлэглэсэн мотоциклыг худалдах зар мэдээллийг сошиалд тавьжээ. Гэвч түүнийг дэмжих хүсэлтэй олон сайхан сэтгэлт хүмүүс гарч ирж, тэмцээний зардалд нь дэм болохоор сэтгэлийн бэлэг өгч эхэлсэн байна. Эл үйл явдлыг Б.Алтанчимэг том итгэл, том хариуцлага гэж харж байгаагаа хэлээд талархсан сэтгэгдлээ үг, үүлдрээрээ харуулна гэдгээ баярын нулимстай хэлж байлаа. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Ямар ямар спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?

-Би 2021 оноос спортоор хичээллэж эхэлсэн. Анх Д.Аюурзана багш дээрээ таеквондогоор хичээллэж эхэлсэн. Одоо  “BB jiujitsu academy” Б.Буяндэлгэр багшийнхаа удирдлага дор жюү жицү болон  “One Team Fighting Center” клубт Ш.Ганбаатар  багшийнхаа удирдлага дор боксоор хичээллэдэг. Яг одоо бол Холимог тулааны тамирчин болохоор бэлтгэгдэж байгаа.

-Оролцсон тэмцээн уралдаан, гаргасан амжилтаасаа дурдвал?

-Өмнө нь Олон Улсын таеквондогын Монгол Улсын 27 дахь улсын аваргын тэмцээнээс гурван медаль хүртэж байсан. Хоёр нь алтан медаль. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сард Холимог тулааны УАШТ-д оролцож, тэргүүн байр эзэлсэн. Улмаар Азийн аварга, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аваргад оролцох эрхтэй болсон.

-Ази, дэлхийн тэмцээнүүд нь хэзээ болох вэ?

-Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сарын 18-22 өдрүүдэд Пакистан Улсын Лахор хотод болно. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь ирэх аравдугаар сард Узбекистаны нийслэл Ташкентэд болно.

-Тэмцээнд оролцох нийт зардал нь хэдэн төгрөг болдог вэ. Дэлхийн тэмцээнд оролцоход Монголын спортын хороодоос дэмжлэг үзүүлдэг үү?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох зардал нь 7 сая 900 мянган төгрөг болдог юм байна лээ. Хэрэв тэмцээндээ оролцох бол Монголын Холимог тулааны холбооноос сая төгрөгийг нь өгнө. Харин үлдсэн 6 сая 900 мянган төгрөгийн тамирчин буюу би өөрөө гаргаад тэмцээндээ оролцох боломжтой. Тиймээс энэ удаа шалтаг тоочилгүй өөрийгөө сорихоор шийдэж, тэмцээний зардлаа олохоор үйлдвэрт ажиллаж байгаа.

-Үйлдвэрт ямар ажил хийж байна. Өдрийн цалин нь хэд вэ?

-Миний ажиллаж байгаа үйлдвэр блокны үйлдвэр би энд цутгалт хийж гаргасан блокноос унаж буй илүүдэл хэсгийг нь хүрздэж тогоо руу зөөх болон бусад жижиг сажиг ажлыг нь хийдэг. Өдөртөө сайн ажиллавал 80 мянган төгрөг, хэвийн ажиллавал 60 мянган төгрөг авдаг. Энд би сар гаруй ажиллана.

-Энэ ажлаа яаж олсон бэ. Ажил нь хүнд үү?

-Фейсбүүкээр ажлын зар харж байгаад олсон. Үйлдвэрт туслах авна гэсэн байхаар нь яриад “эмэгтэй хүүхэд авах уу” гэсэн. “Авна” гээд шууд ажиллаж эхэлсэн. Ажил нь гайгүй ээ. Энд ажиллаж байгаадаа би баяртай байгаа. Хүмүүс эмэгтэй хүүхэд хийхэд тохиромжгүй ажил, ажлаа солиоч гэдэг. Гэхдээ энэ ажил хөдөлгөөн ихтэй болохоор хөлс урсаад давхар надад бэлтгэл болдог. Бас цагийн хуваарь нь бэлтгэлийн цагийн хуваарьтай яг таардаг. Өглөө 8:00 цагаас ажилдаа ирээд оройн 17:00 цагт тарж, 18:30 цагаас бэлтгэлдээ явдаг. Дээрээс нь ажлынхан маань маш гоё ааштай. Хөл өвдөөд ажлаа хийж чадахгүй байвал ах нар маань “түр амарч бай. Миний дүү сууж бай” гээд миний ажилд тусалдаг.

-Өмнө нь өөр ажил хийж үзсэн үү?

-Би 2019 онд барилгын дэлгүүрт худалдагч хийж байсан. Тэр үед би цалин гэж бодохгүй ажил хийж байгаа бол болно гэж бодсон. Тэгээд цалингаа авсан чинь би өдрийн 20 мянган төгрөгөөр ажиллаж байсан юм байна лээ. Дараа нь угаагч хийсэн. Тэр дажгүй ажил байсан. Сансарын “E-mart”-д угаагч хийдэг байсан. Энэ удаа өөрийгөө сорьж өөр ажил хийе гээд ажил хайсан даа.

-Гэр бүлийнхэн, найз нөхөд нь тамирчин болохыг нь дэмждэг үү?

-Анх манай ээж огт дэмждэггүй байсан. Би анх таеквондогийн тэмцээнд ороод Олон Улсын таеквондогийн Монгол Улсын 27 дахь улсын аваргын тэмцээнээс гурван медаль хүртэж байсан. Хоёр нь алтан медаль. Тэгээд анхны том тэмцээнээсээ медаль аваад баярлаад гэртээ очсон. Гэтэл ээж маань юу ч дугараагүй. “Наад төмрөөр чинь яах юм” гэж байсан. Тэр үед жаахан муухай байсан л даа. Анх медаль хүртээд гэрийнхнээсээ тийм үг сонсох хэцүү байсан. Гэсэн ч би спортод дуртай болохоор бэлтгэлээ таслалгүй үргэлжлүүлэн хичээллэсэн. Одоо бол ээж маань дассан. Учир нь би жюү жицүгээр барилдаад анхандаа унадаг, ялагддаг байсан ч дараан ялдаг болсон. Тэгээд өнгөрсөн онд жюү жицүгийн бүсний ангилалгүй тэмцээнд оролцоод мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээнийг MNB sport сувгаар шууд дамжуулж байсан болохоор ээж намайг зурагтаар хараад баярлаж, хүлээн зөвшөөрдөг болсон. Одоо тэмцээнд оролцоход маань дэмжиж, би мөнгө үрдэг болохоор миний мөнгийг хураах гэхчлэн санаа тавьдаг болсон. Бас орой ороод очиход бэлтгэлийн хөлстэй хувцаснуудыг маань угаачихсан халуун хоолтой угтдаг. Мөн найз нөхөд, эргэн тойрны хүмүүс маань намайг маш их дэмждэг. Хүмүүс надад итгэдэг, дэмждэг болохоор шантарч болохгүй. Хичээх ёстой гэж боддог.

-Тэмцээнд оролцох гэж байгаа тул тулаанд ялж, бэлэгт авсан мотоциклоо зарна гэсэн зар оруулсан байсан шүү дээ. Хүмүүс маш эергээр хүлээж авч, сэтгэлийн бэлэг өгөхийг хүсэж, давлагаалсан байна лээ. Энэ үйл явцыг хараад танд ямар санагдсан бэ?

-Өчигдөр би зарын постоо оруулчхаад унтаад өглөө сэрээд харсан маш их хандалт авчихсан. Хүмүүс данс аа тавиарай гэсэн байсан. Би уг нь хандив цуглуулъя гэж бодоогүй зөвхөн тулааны ялалтыг маань бэлгэшээж Б.Эрхэмбаяр ахын бэлэглэсэн мотоциклыг л заръя гэж бодсон. Цалин зардалд хүрэхгүй болохоор энэ мотоциклыг л зарчихвал би мөнгөтэй болж, дэлхийн аваргад явж чадах юм байна гэж бодоод зар оруулсан байсан юм.

Гэтэл хүмүүс дансаа өгөөч сэтгэлийн бэлэг явуулъя гээд байхаар нь зар мэдээлэлдээ дансаа нэмж бичээд оруулсан. Гэтэл хэдхэн цагийн дотор миний дансанд сая төгрөг цугларсан. Одоо ч гэсэн мөнгө явуулж байна. Энэ бүхнийг хараад ямар их хүмүүсийг сэтгэл, итгэлийг хүлээж авч байгаа хүн бэ гэдгээ мэдэрсэн. Маш их баяртай байна. Өнөөдөр яг л мөрөөдөл, зүүд ч юм шиг гайхалтай өдөр байна. Одоо би зорилго тавьсан учир хичээх хэрэгтэй гэдгээ л сайн ухамсарлаж байгаа. Өмнө нь зорилго нь тодорхойгүй. Зүгээр л бэлтгэлээ хийгээд явж байя гэж боддог байсан бол одоо заавал тэмцээнд оролцъё. Өөрийгөө сорьё. Шалтаг тавихгүйгээр ер нь л энэ боломжийг ашиглая гэж шийдсэн. Миний ард маш олон хүн намайг дэмжээд, итгэж байсныг би өнөөдөр харж, мэдлээ. Тэдэнд маш их талархаж байна.

19 хөн настай энэ л охины хийж буй хөдөлмөр, хичээл зүтгэл “мөрөөдөлдөө хүрэхээр хүн яаж хичээж болдог, хийвэл бүтдэг гэдгийн том үлгэрлэл болж, гоё сайхан биш үнэн болоод хөдөлмөр хүнийг зөв замд залдаг шүү гэх тод жишээг бидэнд харуулав. Шалтаг тоочилгүй мөрөөдөлдөө зорьж буй түүний хувьд нэг л үгэнд итгэдэг гэх. Тэр нь “Боломж ирэхэд бэлтгэлээ ашиглаж чадна” гэдэг үг.

-Сэтгэлийн бэлэг өгч буй хүмүүстээ зориулж талархлын үг хэлээд хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Чин сэтгэлээсээ тусалж, ойлгож дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Дэмжлэг заавал эд материалаар байх албагүй. Сэтгэлийн дэм өгдөг олон сайхан хүн байгаа. Мөн ах, эгч, багш нартаа, гэр бүлийнхэн болон сургуулийн хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би энэ хүмүүсийн дэмжлэгийн хариуг дэлхийн аваргад оролцож, зориглоо биелүүлж харуулах болно. Баярлалаа гэдэг үгийг хэлэхээс илүү үг, үйлдлээрээ харуулна гэж бодож байгаа.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө