Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эрт дээр үеэсээ Монгол түмэн адуун сүргээсээ сор болсон хүлгүүдээ уяж, уралдуулан түүнийгээ тахин шүтэж ирсэн билээ. Эрийн гурван наадам тэр дундаа хурдан морины уралдаан бол бусад улс үндэстнээс ялгарах монгол түмний гол ондоошил юм.
Гэтэл сүүлийн жилүүдэд цэвэр цусны монгол адуу төрийн наадамд айрагдах, жирийн монгол малчин унаган морио төрийн их баяр наадамдаа түрүүлгэх боломж тун багасч, мөнгөтэй эрхмүүдийн хэдэн зуун сая төгрөгөөр худалдан авсан хүлгүүд томоохон баяр наадмуудаас айраг түрүүг түүх боллоо. Үүнийгээ дагаад цэвэр цусны монгол адуу цөөрч, жирийн малчин хүртэл адуун сүргээ олныг даган эрлийзжүүлж байгаа талаар бид УИХ-ын гишүүн асан, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалтай ярилцлаа. Түүнийг цэвэр цусны монгол адуу л уяж уралдуулдаг гэдгээр нь уяач түмэн сайн мэднэ. Түүнтэй бид монгол морины удам угшил, эрлийзжүүлэлт, эрлийзжсэн адууны сул тал болон монгол уяачдын талаар ярилцсан юм. Ингээд Хүй долоон худгийн дэнж дээрээс бэлтгэн хүргэж буй “Шугам” нэвтрүүлгийн 34 дугаарыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та сайхан наадаж байна уу?
-Сайхан наадаж байна. Та бүхэн сайхан наадаж байна уу? Энэ жил хүй долоон худаг дээр нар хур тэгширсэн сайхан наадам болж байна.
-Монгол хүнийг Монголоор нь ялгаж өгч буй гол зүйл бол бидний тэмдэглэж буй Үндэсний их баяр наадам. Бидний өв соёл бол адуун сүрэг. Гэтэл сүүлийн үед нэг яриа гараад байгаа нь Монгол адуугаар томоохон наадамд уралдах хэцүү болсон гэж байна. Ер нь монгол адуу, эрлийз адуу хоёрыг өнөө цагт юугаар нь ялгаж байна вэ?
-Монгол төрийн наадам гэдэг бол тусгаар тогтнол, өв соёл уламжлалаа авч үлдэж буй цор ганц бэлэг тэмдэг. Эрийн гурван наадам бол бидний гол ондоошил. Үүн дотроо хурдан морины уралдаан бол бусад улс оронд байдаггүй, хамгийн бахархам зүйл. Гэтэл сүүлийн жилүүдэд наадам болгон хэрүүлтэй болдог боллоо. Монгол адуу, эрлийз адуу хоёрын хоорондын ялгааг хэрхэн тодорхойлох, яаж уралдуулж, ялгах вэ гэдэг асуудал л сүүлийн жилүүдэд маргааны гол асуудал болоод байна.
Үүний гол гаргалгаа нь шинжлэх ухаан. Мөн монгол морийг жинхэнэ монгол адуу гэдгийг баримтжуулах гол зүйл бол бүртгэл юм. Аливаа генийн бүх бүртгэлээ хийгээд, удам угшлыг тодорхой болгож чадвал энэхүү асуудлыг төгс шийдвэрлэж чадна.
Харамсалтай нь монголд үүнийг үнэнээр нь хэлж тодорхойлдог хүн байхгүй байгаа учраас л маргаан үүсээд байгаа юм. Шинжилгээ судалгаа хийе гэхэд нэгдүгээрт мөнгө санхүү асуудалтай, хоёрдугаарт мэргэжлийн лаборатори монголд байхгүй байна. Тийм учраас монгол адуу болон эрлийз адууны тухай маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна. Төрийн их баяр наадамд хурдан морьдын сэрвээний өндрийг хараад байгаа нь гол шалгуур болж чадахгүй. Биерхүү монгол адуу ч бий. Намхандуу эрлийз адуу ч байгаа. Ер нь жирийн малчин, уяач хүн өөрийнхөө адууг уяж, төрийнхөө баяр наадамд уралдуулах явдлыг л төрийн их баяр наадам гээд байгаа юм л даа. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд жирийн монгол малчин өөрийнхөө унаган адууг уяж ирээд уралдах боломж хаагдсан. Өөрөөр хэлбэл томоохон наадмууд томчуудынх л болж байна.
-Эрлийз адуу нь жирийн монгол адууг бодвол арай биерхүү мөн туулах чадвар арай өндөр байдаг. 2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зургаан насны морь урадана гэж заасан. Гэтэл одоо эрлийз насаа оролцуулаад есөн насны морьд уралддаг болсон. Хүн болгон л шударга байхыг шаардаж байна. Гэтэл жирийн нэг монгол малчин улсынхаа баяр наадамд жирийн монгол адуугаа авчраад уралдуулах боломжгүй болчихлоо шүү дээ. Энэ бол шударга бус асуудал. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Хүн төрөлхтөн оролцсон л бол шударга байх эсэх нь баталгаатай биш. Үүнийг шинжлэх ухаанаар л зохицуулах хэрэгтэй.
-Өөрийг чинь монгол адуу уралдуулдаг гэж сонсож байсан. Монгол адуунд шинжлэх ухааны нэг тайлж чадахгүй зүйл байдаг нь монгол адуу эх нутаг руугаа заавал буцаж гүйдэг. Гэтэл одоо малчин болгон адууг замбараагүй эрлийзжүүлээд байна уу даа гэж би боддог. Иймд монгол адууны ген алга болчих вий дээ гэсэн зовнил байна. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Монголын хөрсөн дээр жилийн дөрвөн улирал амьдрах чадвартай амьтан бол монгол адуу. Үүний нэг жишээ гэвэл өнгөрсөн жил зуд болоход хамгийн эхэнд эрлийз адуунууд нь үрэгдчихсэн. Харин монгол адуунууд нь зудыг давж, тэсэж үлдсэн байгаа юм.
Жаахан цус орчихсон адуунууд нь хамгийн түрүүнд үрэгдсэн. Энэ нь адуу монгол нутаг дэвсгэр дээр олон зуун жилийн өмнө үүсэж, хөгжиж энэ байгаль орчинд дассан гэдгийн илрэл. Эрлийзжсэн адуунуудын асуудлаар байнга уяач нар болон найз нөхдөдөө хэлдэг. “Битгий ийм хавтгайрсан эрлийзжүүлэлт хийгээд бай. Тэгэх юм бол та нэг л өдөр адуугүй болно. Үнэхээр адуутайгаа байя гэж бодож байгаа бол тодорхой хэмжээнд 2-3 гүүн дээр л эрлийзжүүлэлт хийх хэрэгтэй" гэж хлдэг. Хавтгайруулаад бүх адуугаа эрлийзжүүлчихвэл энэ жилйинх шиг зуданд бүгд л адуугүй болохоор байна лээ.
-Зарим малчид “хурд” хөөцөлдөж байж жирийн монгол адуугаа байхгүй болгочих вий дээ гэдэг асуудалд л эмзэг байр суурьтай байгаа. Та сүүлийн дөрвөн жил УИХ-д ажиллахдаа өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд нэг мэдэгдэл хийсэн. Хаврын морин уралдааныг сэргээхгүй бол монгол уяачид Өвөрмонгол руу гарч морь уяад байна гэж хэлсэн. Нийгэм нэг талаас нь хүүхдийн эрх гээд шүүмжилсэн. Харин зарим хэсэг нь үнэхээр л өв соёл устах эрсдлийн талаар бодож байсан. Ер нь тэр мэдэгдэл ямар учиртай байсан бэ?
-Хаврын морины уралдааныг хориглосноос болж залуучууд маань морь уях, хурдан морины соёлоос нэлээд холдож байгаа. Хөдөө хүнгүй болж байна. Залуучуудын соёлын хэрэгцээ гэж байна шүү дээ. Энэ болгоны хамгийн гол зүйл нь хөдөөний малчин залуучуудын хувьд морь уях байдаг.
Морио уяхгүй болоод ирэхээр залуучуудын мал маллах хүсэл сонирхол буурдаг. Түүнчлэн адууны яг үржлийн цагаар хурдан морины уралдаанууд эхэлдэг нь адууны үүлдэр угсаа хэврэгшиж эхлэхэд нөлөөж байна. Хаврын уралдаан байхгүй болсноос болж сүүлийн үед олон залуус Өвөрмонголд очиж морь уядаг болсон шүү дээ. Тэнд хавар морь уралдах, хүүхдээр морь унуулах асуудал хэвээрээ л байгаа. Бидний гол ондоошил болсон хурдан морины урсгал Өвөрмонгол руу шилжиж байна гэсэн үг л дээ. Үүнийг бид зайлшгүй зогсоох шаардлагатай. Зогсоохын тулд хавар тодорхой хэмжээний хэдэн уралдааныг хийх хэрэгтэй. Улсын баяр наадам болохоор Хүй долоон худаг дүүрч, энд тэндээс уяачид ирж уралддаг байсан ч одоо татраад байгаа шүү дээ. Үүнд эрлийз адуу ч, хаврын уралдааныг хаасан нь ч нөлөөлж байна. Ер нь хурдан морины уралдааныг хумих бодлого л төрөөс явуулаад байгаа. Үүнийг л зохицуулах хэрэгтэй.
-Ярилцсан танд баярлалаа.