Ерөнхий сайдаар 5 дахь жилдээ ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо бэлэглэсэн байж болзошгүй тансаг хэрэглээ иргэдийн бухимдлыг өдөөж, түүнийг орлогоо нотлоод, огцрохыг шаардахад хүргэсэн. Харин энэхүү асуудал явсаар Ардчилсан намыг Засгийн газраас хасах, “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх” гэсэн Үндсэн хуулийн зохицуулалт руу яваад ирлээ.
-Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАЛГҮЙ, “ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ” ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДАЛ БОЛГОВ-
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол УИХ-ын гишүүдийн ердийн олонх буюу чуулганд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх байв. Гэтэл Засгийн газрын төсөв болон бодлогыг нь УИХ дэмжихгүй байгаа тохиолдолд албан тушаалаараа дэнчин тавьдаг “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын дагуу хэлэлцэхээр болоод байна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдийн энгийн олонх буюу 65 гишүүн итгэл хүлээлгээгүй бол Ерөнхий сайд огцорсонд тооцдог.
Энэ талаар Үндсэн хуулийн 44.1-д “Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заажээ. Харин Үндсэн хуулийн 44.2-д “Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан байна.
Иймд өчигдөр /2025.05.28/ болсон Засгийн газрын ээлжит хурлаар “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо гэж албаны ёсоор мэдэгдсэн.
Өчигдөр болсон Засгийн газрын хурал уур амьсгалын хувьд “отгон хуралдаан”-аа хийж байгаа мэт бие биедээ талархал илэрхийлсэн, ажлаа товчхон дүгнэж ярьсан хурал болж өндөрлөсөн байна. Харин “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслөө зарим сайд нартаа ч танилцуулалгүй УИХ-ын Тамгын газар, Төрийн байгуулалтын байнгын хороонд өчигдөр үд дундад хүргүүлжээ.
-14 МЕГА ТӨСӨЛ ЗЭРЭГТ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ САНАЛ ХУРААЛТ БОЛОХ НЬ-
“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай” тогтоолыг төслийг бүрэн эхээр нь бид хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, 102.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
- “Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриан доор хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хучний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, бодит үр дүнг бататгах, цаашид дэвшүүлсэн бодлого, зорилтоо хамтын хариуцлагын зарчимд тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан хамтарсан Засгийн газрын бодлогыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхээ тогтсугай.
- Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоол нь Үндсэн хуулийн 44.1-д заасан "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал … УИХ-ын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэж заалтыг үндэслэсэн байгаа юм. Энэ дагуу удахгүй УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж 10 хоногийн дотор парламентын 65 гишүүний саналаар аль нэг талдаа шийдвэрлэгдэх нь.
Нөгөөтэй, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг тогтоолоор МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" уриа дор хэрэгжүүлж буй 14 мега төсөл зэрэг бүх томоохон төслүүддээ итгэл хүлээлгээч гэжээ. Гэтэл энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр эхнээсээ төлөвлөсөн Ардчилсан нам нь хамтарсан Засгийн газраас гарч байгаа.
Тэгэхээр АН-ын дарга Л.Гантөмөрийн хэлсэн шиг “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх бус Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүдэд итгэл хүлээлгэх эсэх”-ээр УИХ-ын гишүүдийн саналыг хураах нь.
Энэ тохиолдолд УИХ-ын гишүүд ямар санал өгөх нь сонин. Учир нь дээрх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийг УИХ-аас дэмжиж баталсан. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх УИХ-ын гишүүдийн санал хураалт "нууц"-аар явагдаж магадгүй юм. Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Л.Оюун-Эрдэнийг дуудаж уулзаад "Өөрөө өргөдлөө өгчих. Танай Засгийн газар нийгмийн дэмжлэггүй байна" гэсэн гэдэг. Харин саяхан болсон МАН-ын Бага хурал дээрээ Л.Оюун-Эрдэнэ "АН гэрээгээ ноцтой зөрчсөн. Тэдэнтэй хамтрахгүй гэвэл би ёс зүйн хувьд ажлаа өгөх ёстой" гэж мэдэгдсэн байдаг. Гэсэн хэдий ч өдгөө Л.Оюун-Эрдэнэ "надад итгэл хүлээлгээч" гэж УИХ-д хандаад байна. Үүгээрээ тэрбээр, "УИХ-д хэн нь олон кноптой вэ гэдгээ тоолъё" гэж байх шиг байна.