УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаагаа мэдэгдсэн. Гэтэл түүнээс урьдаж Засгийн газраас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхлэв.
Энэхүү хууль нь 1998 онд баталсан "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай" хуулийг шинэчлэх гоё нэртэй, эх сурвалжаа хамгаалах, төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэх ерөнхий томъёололтой ч эсрэгээрээ хэвлэлийн эрх чөлөөг санхүүгээр нь хумисан, үйл ажиллагааг нь хязгаарласан заалтуудыг далд хавчуулж өгчээ.
-ТӨСЛИЙН 6.7-Д "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ХОЛБОГДОХ ТӨСӨВ ХУВААРИЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРМЫГ ЗАСГИЙН ГАЗАР БАТАЛЖ, МӨРДҮҮЛНЭ" ГЭЛЭЭ-
Тодруулбал, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн өргөн барьсан шинэчилсэн найруулгын 6.7-д “Энэ зүйлийн 6.5-д заасан этгээдийн хэвлэл мэдээллийн үйлчилгээ авахад холбогдох төсөв хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан байгаа юм.
Тэгвэл 6.5-д юу гэж заасан бэ гэвэл “Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол хэвлэл мэдээллийн байгууллагыг хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулна” гэсэн байна.
Үүнээс үзвэл хэвлэл мэдээллийн байгууллагын төрийн байгууллагуудтай хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Засгийн газар тэр дундаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга мэддэг болох нь. Бүр тодруулбал, хэнтэй гэрээ хийх, хийхгүйг Засгийн газар мэднэ үүгээр дамжуулан санхүүгээр нь хэвлэлүүдийг хяналтдаа байлгаж болзошгүй нь үүнээс харагдаж байна.
Цаашлаад 8.3-т “Хэвлэл мэдээллийн байгууллагын редакц нь төрийн байгууллага, албан тушаалтан, өмчлөгч, ивээн тэтгэгч, улс төрийн байгууллага, хуулийн этгээд, хувь хүний хөндлөнгийн оролцоогүйгээр сэтгүүл зүйн үйл ажиллагааг бие даан явуулна” гэж заасан байгаа юм. Энд ОРОЛЦОО гэдгийг юу гэж томъёолж байгаа нь тодорхойгүй бөгөөд улс төрчөөс мэдээлэл авахыг оролцоо гэж үзээд хориглох уу гэх эргэлзээ байгаа юм. Цаашлаад чөлөөт хэвлэлтэй АНУ, БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрийн чиг баримжаа, дэмждэг намаа ил зарлаж явдаг. Тухайлбал, БНСУ-д KBS телевиз бүх намын байр суурийг хангах үүрэгтэй бол MBC телевиз нь зөвхөн нэг намаа дэмжинэ гэдгийг ил зарлаж мэдээ, мэдээллийг нь бэлтгэн ажилладаг жишээтэй.Харин энэ заалтаар бид аль нэг намыг дэмжиж ажиллах боломжийг хумиж өгчээ.
Хамгийн ноцтой нь тус шинэчилсэн найруулгын 11.4-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь энэ хуулийн 6.5-д заасны дагуу хийгдэж байгаа нийтлэл, нэвтрүүлэг хүргэхдээ захиалгат, эсхүл төлбөртэй болохыг тодорхой илэрхийлэх тэмдэглэгээ хэрэглэж, захиалагчийн эсхүл ТӨЛБӨР ТӨЛСӨН ЭТГЭЭДИЙН НЭРИЙГ ДУРДАНА” гэсэн нь төлбөр төлсөн хүнээ ил бич гэсэн агуулга байгаа юм.
Редакциуд төлбөртэй материалыг “Редакцийн бус сонголт, төлбөртэй нийтлэл” зэргээр тэмдэглэж өгдөг. Гэтэл уг заалтаар жишээ нь тодорхой компани, аж, ахуй нэгж болон Дорж, Дулмаагийн захиалгаар бүтээв гэдгээ дурдаж өгөх нь. Цаашлаад 12.1-т “Хэвлэл мэдээллийн хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх, хязгаарлалт тогтоох, үнэлгээ дүгнэлт гаргах, бүртгэхтэй холбогдсон харилцааг Өрсөлдөөний тухай хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар зохицуулна” гэжээ. Хэвлэл мэдээллийн байгууллага нь замын, барилгын компани биш бөгөөд нийгмийн тусгай чиг үүрэгтэй хэрэгсэл. Үүнийг замын компаниудыг тендерт оруулж байгаа юм шигээр Өрсөлдөөний хуулиар шигшиж, сонгох байж боломгүй зүйл юм. Үүнд төрөөс оролцоод “Чи болно, чи болохгүй” гэдгийг шийдэхгүй.
-УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ДҮГНЭЛТ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ТӨРӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХУУЛЬЧИЛЖ БАЙГАА АГУУЛГЫГ ИЛЭРХИЙЛЖ БОЛЗОШГҮЙ ЮМ-
Мөн уг төсөлд УИХ-ын Тамгын газраас доорх дүгнэлтийг хийжээ.
Төслийн 6.5, 6.7 дахь заалт нь төрийн байгууллагын сурталчилгааг зардал талаас нь хязгаарлаж, журамлах зорилготой байж болох ч нөгөө талаас сурталчилгаа хийхийг хуулиар хүлээн зөвшөөрч, энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагыг төрөөс санхүүжүүлэх асуудлыг хуульчилж байгаа агуулгыг илэрхийлж болзошгүй юм.
6.8, 6.9-д Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулахаар тусгасныг төслийг 6.10-т “Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь дэргэдээ хэвлэл мэдээлийн хэрэгсэл ажиллуулахыг хориглоно” гэж заасантай уялдуулах шаардлагатай.
Төслийн зарим заалтыг Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн хууль хоорондын уялдааг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хуулийн төслөөр хуулийн төслийн зорилтод заасан харилцааг бүрэн хамруулаагүй, хэвлэл мэдээллийн байгууллагатай холбоотой харилцааг голлон тусгасныг хэлэлцүүлгийн шатанд анхаарч, төслийг боловсронгүй болгох шаардлагатай. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх шатанд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлж, нэр томьёо, найруулгыг нэг мөр ойлгогдохоор засаж, хууль зүйн техникийн шаардлагыг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ ташрам НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2017.07.24-ний өдрийн зөвлөмж, Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай Хорооны 2011 оны ерөнхий тайлбарыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас баталсан “Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2024 оны 24 дүгээр тогтоолын хавсралтын 2 дахь хэсэгт гүтгэлгийг бүрэн утгаар нь эргүүгийн хуулиас хасаж, гэмт хэрэгт тооцохгүй байх, гүтгэлэг нь эрх чөлөөг хязгаарлах үндэслэл болохгүй байх, эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид заасан гүтгэлгийн талаарх зохицуулалтууд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боогдуулахгүй байх талаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн / шинэчилсэн найруулга/ төсөл, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид тусган боловсруулж, өргөн мэдүүлэхээр заасныг дурдаж байна гэжээ.