Халдвартай жолоочтой “цагдаа хүү нь уулзсан” гэх мэдээлэл ХУДАЛ

Халдвартай жолоочтой “цагдаа хүү нь уулзсан” гэх мэдээлэл ХУДАЛ

ОХУ-аар дамжиж хоёрдугаар сарын 21-нд Унгарын Будапешт хүртэл яваад, тэндээс Алтанбулагийн боомтоор Монголд орж ирсэн тээврийн жолооч болоод түүний эхнэрээс коронавирус халдварын 34, 35 дахь тохиолдол илэрсэн.  

Тэд ОХУ-ын хүмүүстэй уулзаж, ачаа тээвэр авах үедээ халдвар авсан байх эрсдэлийг тооцож үзсэн. Энэ тооцооллоор дөрөвдүгээр сарын 8, 9-нд халдвар авсан байх эрсдэлтэй гэж манай албаны хүмүүс мэдээлж байгаа юм. 

Тухайн жолооч Алтанбулагийн боомтоор хил нэвтэрч, тусгаарлах байранд ажиглалтад байсан байдаг.

Харин түүнийг тусгаарлах байранд байх хугацаанд нь "түүний хүү болох Дархан-Уул аймгийн цагдаагийн алба хаагч эрх мэдлээ урвуулан ашиглаж аав ээждээ хоол дамжуулж өгсөн. Ингээд нийгмийн харилцаанд орсон" гэж facebook, twitter зэрэг олон нийтийн сүлжээгээр зарим иргэд мэдээлэл тарааж байгаа юм. 

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө “Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч гэр бүлийн хүний хамтаар замдаа хүүтэйгээ уулзсан үгүйг тодруулахаар эмч эмнэлгийн ажилтнууд, цагдаагийн байгууллага хамтран камерын бичлэгээс хянаж байна. Хүү нь эргүүлийн цагдаа юу үгүй юу гэдэг нь камерын бичлэгээс тодорхой болно” гэж мэдэгдсэн юм.

Тэгвэл ЭМЯ-наас энэ тухай худал мэдээлэл тараахгүй, албан бус мэдээлэлд иргэдийг итгэхгүй байхыг анхааруулж, доорх тайлбарыг хийсэн байна. 

ҮҮНД: 

“Шинэ төрлийн коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд идэвхтэй цацагдаж газар авч байгаатай холбогдуулан Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй үнэн бодит мэдээллийг ЭМЯ, Улсын онцгой комисоос баталгаат эх сурвалжаас авч байхыг уриалж байна” гэжээ.

Сонирхуулахад, Коронавирус илэрсэн жолоочийн ойрын хавьтал болох 49 хүнийг илрүүлэн тогтоож, байгаа газарт нь  буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Замын-Үүдэд  тусгаарласан. Эдгээр хүмүүс нь жолооч нарыг хилээр нэвтрэхэд хяналт тавьсан хилийн байцаагч, гаалийн ажилтнууд, ачаа тээврийг буулгасан хүмүүс бөгөөд хамгаалах хувцас хэрэгсэлтэй ажилласан тул тэдэнд эрсдэл харьцангуй бага гэж албаны хүмүүс тодотгож байгаа юм.