The Hu хамтлагийн гишүүд Австрали улсад гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь манай улс хилээ хааж, хөл хорио тогтоосон тул тэд эх орондоо өнөөдрийн хүртэл ирэх боломжгүй болоод байсан юм.
Тэгвэл өнөөдөр болсон Улсын Онцгой комиссын Шуурхай штабын хурлын үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тус хамтлагийн гишүүдийн эх орондоо ирсэн талаар мэдэгдлээ.
Тэрээр “The Hu” хамтлаг дэлхийн олон улс орноор аялан тоглолт хийж байгаад Австрали улсад хоёрдугаар сарын дундуур очсон. Тэр үед Австрали улс хилээ хаагаагүй байсан. Тэднийг очоод удаагүй байхад цар тахлын улмаас Австрали улс дахь бүх тоглолтууд цуцлагдсан. Мөн олон улсын нислэгүүд зогсч, эх орондоо ирэх боломжгүй болсон.
Австрали улсын Элчин сайдын яаманд хамгийн анх хандаж бүртгүүлсэн 30 хүний тоонд “The Hu” хамтлагийнхан багтсан байдаг.
Тус хамтлагийнхан өнгөрөгч хоёрдугаар сараас хойш эх орондоо ирэх хүсэлтийг тавьсан. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ухань хот руу ниссэн тусгай үүргийн онгоцоос хойш 12 удаагийн нислэг үйлдсэн. Энэ бүх нислэгт “The Hu” хамтлагийг “Хүндэтгэх шалтгаантай иргэд биш” гээд хүсэлтийг нь хүлээж авдаггүй байсан.
Хамтлагийн залуус бидний шаардлагад маш хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өнөөдөр тавдугаар сар гарчихлаа. Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд “The Hu” хамтлагийнхан тэвчээртэй хүлээсэн. Харин энэ удаа Улсын онцгой комиссоос тус хамтлагийн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авч, харгалзан үзэх шаардлагатай гэж эх оронд нь авч ирсэн. Тэд хэн нэгэн хүний боломжийг булаагаад эх орондоо ирсэн гэж битгий ойлгоорой. Тэд өмнө нь маш олон хүмүүсийг хүндэтгэн, явуулсан” гэсэн юм.