Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33-р тушаалын дагуу "COVID-19"-ийн халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургуулилт өнөөдрөөс эхэлж байна.
3 хоног үргэлжлэх сургуулилтын хүрээнд маргааш Чингэлтэй дүүрэгт бүрэн хөл хорио тогтоох юм.
Сургуулилтын үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ-ын байранд нээв. Тэрээр, дадлага сургуулилт 3 үе шаттайгаар нийслэлийн Чингэлтэй болон Хан-Уул дүүрэг, орон нутагт Дархан-Уул, Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болсныг мэдэгдлээ. Энэхүү дадлага сургуулилт нь:
- "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хүч, хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх,
- 3 түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах,
- Онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх зорилготойг онцоллоо. Мөн хорио цээр, халдвар хамгаалалтын дэглэмийг тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлгийн бэлэн байдлыг шалгана гэдгийг тодотголоо.