Монголоос ниссэн Онон нэртэй хөхөө шувуу 12000 км замыг туулж амжилттайгээр эргэн ирснийг BBC агентлаг онцолжээ

Монголоос ниссэн Онон нэртэй хөхөө шувуу 12000 км замыг туулж амжилттайгээр эргэн ирснийг BBC агентлаг онцолжээ

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон Английн шувуу судлалын сангийн судлаачид хамтран өнгөрсөн оны зургадугаар сард “Монгол хөхөө” төслийг эхлүүлсэн юм. Уг төслийн хүрээнд таван хөхөөнд сансарын дамжуулагчийн зүүсэн. Уг таван хөхөө нь өнгөрсөн оны долоон сарын эхээр намрын нүүдлээ эхлүүлсэн байна. Ингээд Онон, Баян, Намжаа нэртэй гурван хөхөө нь таван сар орчмын хугацаанд нисч байж арванхоёрдугаар сард өвөлжих нутаг буюу зүүн Африкт хүрч ойролцоогоор 12000 км замыг туулахдаа нийт 15-18 орноор аялажээ. Төслийн багийнхан үүнийг гайхалтай үр дүн хэмээн дүгнэж буйгаа илэрхийллээ.

Дээрх гурван хөхөө нь өвөлжих нутагтаа эсэн мэнд хүрсэн. Харин энэ оны нэгдүгээр сарын 05-нд Намжаа нэртэй хөхөө Кени улсад хамгийн сүүлийн мэдээгээ өгчээ. Харин гуравдугаар сарын 20-оос эхлэн Онон Танзаниас, Баян Мозембекээс хаврын нүүдлээ эхэлсэн байна.

Тавдугаар сарын 11-ны өдөр Баян мөн Хятадын Юнан мужид хамгийн сүүлийн мэдээгээ өгсөн байна. Харин Онон нэртэй хөхөө нүүдлээ амжилттай үргэлжлүүлсээр тавдугаар сарын 27-ны байдлаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт байрлах Хурхын шувуу бөгжлөх суурингийн ойролцоо буюу үржлийн нутагтаа эсэн мэнд амжилттайгаар эргэн иржээ.

Ажлын хэсгийн гишүүн Э.Түвшинжаргал энэ талаар “Нүүдлийн шувууд хол замналыг асар богинохон хугацаанд жижигхэн биендээ баймгүй маш их энерги зарцуулан нүүдэг нь үнэхээр сонирхолтой хийгээд бахдам сайхан юм” гэжээ.

Шувуудыг нүүдэллэх хугацаанд хөхөөнүүдэд нэр өгсөн Хэнтий аймгийн Биндэр сумын сургуулийн сурагчид Сокотран арлын сурагчидтай холбогдон захиа солилцон өөрсдийн мэдсэн зүйлээ солилцож байжээ.

Хөхөө шувууны тухай энэхүү нүүдлийг BBC агентлаг онцолжээ.

Холбоотой мэдээ: www.bbc.com