Л.Дэлгэрмаа: УБТЗ-ын зүгээс ажилчдын эрх ашгийг хөндөж, хохироосон асуудал байхгүй

Л.Дэлгэрмаа: УБТЗ-ын зүгээс ажилчдын эрх ашгийг хөндөж, хохироосон асуудал байхгүй

Төмөр замчдын хөдөлмөрийн эрх зөрчигдөж байна гэж Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраагийн хийсэн мэдэгдлийг няцааж өнөөдөр төмөр замчдын төлөөлөл мэдээлэл өглөө. 

Энэ үеэр УБТЗ-ын зорчигч тээврийн төвийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Дэлгэрмаа “ Монгол оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй нийгмийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультай, гишүүдийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог ханган ажиллаж ирсэн түүхэн туршлагатай хамт олон.

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон түүний тэргүүлэгчид болох цөөн тооны хүмүүсийн хийсэн мэдэгдэл нь 16 мянга шахам төмөр замчдын үзэл бодол биш бөгөөд бидний нэрийг барин олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийж, ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдэл хүргүүлсэн зэрэг үйлдэл нь тулын буруу үйлдэл хэмээн үзэж ажилтан ангийн төлөөлөл бид өнөөдөр ийнхүү мэдээлэл хийж байна.

Энэ цар тахлын хүнд үед УБТЗ-ын зүгээс ажилтан ангийн эрх ашгийг хөндөж, хохироосон нэг ч асуудал байхгүй.

Жишээ нь зорчигч тээврийн төлөвлөгөө норм, хангагдахгүй буурсан ч нэг ч ажлын байр цомхотгоогүй, төлөвлөгөө нормоо биелүүлж авдаг үр дүнгийн шагналыг хасалгүй бүрэн олгож байгаа. Мөн өнөөдөр гэхэд 13 дахь сарын цалингийн үлдэгдэл 50 хувийг нийт ажилтнууддаа олголоо. Замын захиргаанаас авах ёстой шагнал урамшуулал, хөнгөлөлт тусламж, төрөл бүрийн нэмэгдэл гэх мэт бүхий л зүйлсийг олгож байгаа нь ажилтан бидний нийгмийн амьдралыг доголдуулалгүй тайван ажиллах нөхцөл бололцоогоор хангаж байгаад ажилтан бид талархаж байгаа.

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Баяраагийн хийсэн мэдэгдлийн хариуд Замын удирдлага хариу тайлбар хийсэн мэдэгдлийг ажилтан анги бид 100 хувь санал нэгтэйгээр дэмжиж байна.

Учир нь үр дүнгийн шагналт цалинг ажилтан бид ажлаа сайн хийж, төлөвлөгөө нормоо биелүүлсэн тохиолдолд хэлэлцүүлж, авдаг байхад яагаад үйлдвэрчний эвлэлийн хороодын дарга нар тухайн сард хийсэн ажлаа ажилтнуудаар хэлэлцүүлж дүгнүүлэн үр дүнгийн шагналаа авч болохгүй байгаа юм гэж бодож байна” гэв.

Мөн “Удирдах газрын зарим албаны 20 шахам ажилтнууд шахцалдаад 5-6 өрөөнд ажлаа явуулж байхад Үйлдвэрчний эвлэлийн зургаан ажилтан таван өрөөнд суух гээд зүтгээд байгааг ёс зүйгүй, ажилтнуудаа бодоогүй увайгүй үйлдэл. Хамтын гэрээний ажилтнууд биднийг төлөөлж байгаа эдгээр ёс зүйгүй хууль мэддэггүй хувийн ашиг сонирхлоо нэгт тавьдаг хүмүүсийг солих болно.

Өнөөдөр УБТЗ хувь нийлүүлэх нийгэмлэгийн хөдөлгөөнтэй холбоотой ажилд заавал багш шавийн гэрээ байгуулах журам, тушаал байдаг. Гэтэл саяхан нас барсан ажилтантай багш шавийн гэрээ  байгуулаагүй буруутай албан тушаалтан буюу хүний нөөцийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан байхад түүнийг зөвтгөн, хохирсон мэтээр ёс зүйгүй увайгүй үйлдэл гаргасанд бид маш их эмзэглэж хүлээн авсан. Нас барсан цэл залуухан хүн бас л Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байсан юм” хэмээн нэмж хэлэв.